Алтанбулаг боомтоос Ковидын хоёр тохиолдол нэмж илэрлээ

https://livetv.mn/storage/posts/November2020/FWkeF5GhLkVifANfyYnj-medium.jpg



Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусийн дөрвөн тохиолдол нэмж илэрсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж сая Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолоочоос дахин коронавирус илэрсэн нь батлагджээ. 

Яг одоо Сэлэнгэ аймгийн төвд УОК-оос төлөөлөл очиж аймгийн удирдлагуудтай хуралдаж байгаа аж. Мөн өнөөдөр Улаанбаатар-Дарханы замын нөхцөл байдалтай  танилцсан Зам тээврийн сайд Л. Халтар уг хуралд оролцож байна. 

Маргааш Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт очиж ажиллах товтой байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа. 

Маргааш өглөө УОК хуралдах тов зарласан бөгөөд уг хуралдаанаар Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарч магадгүй байна.

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2020. 11. 06/ түр зогсоогоод байна. 

Уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дараах тайлбарыг montsame агентлагт өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:

-“Бид нар энэ вирусийг алдахгүй байх баталгаа алга байна. Манай хууль, хүчнийхэн, эрүүл мэндийнхэн, Онцгой байдал, Зооноз өвчин судал, мөн төмөр зам гээд бүхий л байгууллага энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа. Эндээс харахад хамгийн эрсдэлтэй цэг бол өнөөдөр Алтанбулаг сум болчихоод байна. Бид нүдэнд харагдаж, гарт баригдахүй байгаа тэр вирусийг л оруулахгүй байхын төлөө хичээн зүтгэж байгаа.

Иймээс энэ сум руу анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр зогсоосон. 

Энд өдөрт 1000 хүн механикаар чөлөөт бүс рүү орж байгаа гэсэн судалгаа бий. 

Үүнийг иргэд маш сайн ойлгож, өөрийгөө болон гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалаач ээ. Өөрсдөө л бид энэ хамгаалалтыг хийхгүй бол биднийг хамгаалах юу ч байхгүй. Энэ асуудал дээр аймгийн Онцгой комисс ажиллаж ирсэн. Цаашид арга хэмжээгээ сулруулахгүй, улам чангатгаж ажиллах болно.  

Чөлөөт бүсээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн жишээг би хэлье. Зөвхөн нэг өдөр. Тухайлбал, 2020 оны 11-р сарын 1-ний өдөр 881 иргэн, 212 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 152 нь Сэлэнгэ аймгийн, 60 нь бусад аймаг, хотын серийн дугаар байсан байна.

Эндээс хүн бүр л нөгөө архи, пиво, тамхи авдаг. Зорилго нь нэг хүнд 2000-4000 төгрөг өгч архи авдаг. Энд бид хууль хяналт, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бид улс орныхоо тусгаар тогтнол эрх ашгийн төлөө өнөөдөр энд ажиллаж байна. Өөрөөр хэн нэгэн хүний бизнес, ашиг орлогыг зогсоох гэж энд ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэжээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …