Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон.
Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө. Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна.
Хоёр цаг тутамд чийгтэй алчуураар арчихдаа хлор агуулсан бодисыг үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу найруулж ашиглах юм байна.
Мөн агаарт эмнэлгийн цэнхэр, цэвэр спирт болон архи цацаж буй талаар иргэд мэдээлж буй. Энэ нь маш буруу бөгөөд үүний оронд 15 минут тутамд өрөөндөө агаар оруулах нь хэрэгтэй. Гэхдээ вирус хүйтэнд тэсвэртэй байдаг учраас өрөөний хэмийг хэт хүйтрүүлж болохгүй.
Үүнээс гадна хүн бүр өөрийн аяга, таваг, халбага, сэрээтэй байж, сайн угааж цэвэрлэн хэрэглэх шаардлагатай бөгөөд дундаа тавьж иддэг хятад, солонгос хоолноос аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.