ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Харин 1623 хүнд коронавирус илрээгүй.
Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 хүн, Дорнод аймагт тандалтаар хийсэн 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Энэ голомтын нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Хоёрдогч хавьтлын 3710 хүнийг шинжилгээнд хамруулсан, коронавирус илрээгүй байна.
Сэлэнгийн голомтод 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр зургаан хүнээс коронавирус илэрч, энэ голомтын нийт тохиолдол 10 боллоо.
Улаанбаатар хотын голомт, төмөр замын дагуух төв суурин газрууд голомт гэсэн хоёр үндсэн том кластер халдвар бүртгэгдлээ. Тус тусад нь 15, 15 тохиолдол бүртгэгдээд байна. Тандалт судалгааг нэлээд өргөн хүрээнд хийж байна. Төмөр зам дагуу ажиллаж амьдарч байгаа иргэд маань аль болох коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Хамгийн найдвартай арга бол маск зүүх, гараа угаах, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Төмөр зам дагуу төв суурин газарт тандалт хийхэд Говьсүмбэрт 1 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд дотоодын нийт тохиолдол 30 боллоо.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болсноос 329 нь эдгэрсэн. Нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 119 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хүнд гурав, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна. Нийтдээ 183 хүн ХӨСҮТ-ийн ажиглалт тандалтад байна” гэж мэдэгдлээ.