В.Оюу: Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авсан

“Экспорт Монгол 2020” олон улсын цахим чуулга уулзалт болох гэж буй талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцсаныг хүргэж байна.

-Экспорт Монгол 2020 арга хэмжээний талаар товч мэдээлэл өгнө үү?

-Энэ чуулга уулзалт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 баримт бичиг, мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа болж буйгаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улс ирэх арван жилд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, өөрсдийн боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих замаар уул уурхайн бус экспортыг дорвитой өсгөх мөн аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, хөгжилд эдгээр салбараас оруулах хувь нэмрийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болон хөгжлийг тэтгэсэн тээвэр, дэд бүтцийн хөгжлийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана.

Засгийн газар 2024 он хүртэл эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлого үйл ажиллагаа идэвхтэй явуулахыг зорилт тавьсан.

Чуулга уулзалт хөгжлийн дунд, богино хугацааны бодлогыг танилцуулах, бодлогыг хэрэгжүүлэх арга замыг талуудын оролцоотой хэлэлцэж, тодорхой чиглэл, шийдэл гаргах зорилготой юм.

Чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Экспорт, олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд ч дэмжиж оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

-Чуулга уулзалтаар тухайлан ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Цахим чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үндсэн илтгэл тавихын сацуу экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Чуулга уулзалтын хүрээнд хөрөнгө оруулалт шаардлагатай, хөгжлийн төслийг танилцуулах бизнес хоорондын уулзалт, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын хоёр дахь өдөр манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалт зохион байгуулна.

Уншигчид чуулга уулзалтын цахим хуудсаар www.exportmongolia.org дамжуулан бүх арга хэмжээнд оролцож, илтгэгч, сургагч багш нартай харилцан ярилцах боломжтой. Бүхэлдээ чуулга уулзалт маань цахим хэлбэр явагдана.

Монгол Улсын экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна? Тулгамдаж байгаа асуудалд цахим чуулга уулзалт ямар шийдэл өгч чадах вэ?

Монгол Улс 2019 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд экспортын 89.2 хувь уул уурхайн салбар, 10.8 хувь уул уурхайн бус салбарт ноогдож байна. Экспортын бүтцийн энэ харьцаа сүүлийн 10 жил хэвээр хадгалагдсан. Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авчээ. Нийт худалдааны эргэлтийн 92 хувийг БНХАУ, ОХУ, ЕХ, Япон Улс, АНУ, БНСУ-тай хийсэн байна. Монгол Улс эрдсийн болон мал аж ахуйн цөөн нэр төрлийн түүхий эд зонхилсон экспортын сагстай бөгөөд экспортын зах зээл мөн хязгаарлагдмал байгаагаас түүхий эдийн үнийн хэлбэлзэл, экспортын зах зээлийн хүчин зүйлд онцгой мэдрэмтгий байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, мөн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар худалдааны өрөөсгөл бүтцийг засах бодлого барьж байгаа. Асуудлын гол нь бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт байна гэж харж байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ нь юу байх вэ, ямар үнэ цэнэ, имижээр Монголын экспортыг таниулах ёстой юм бэ гэдгийг нэн тэргүүнд тодорхой болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө niche юу болохыг тогтоох ёстой. Үүнийг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хамгаалах болон кластерийг хөгжүүлэх бодлого, зорилтот зах зээлийн судалгаа, сурталчилгаа, чанар стандартын тогтолцоо, ур чадвар гээд базаж хэлбэл экспортын стратегийг гаргах шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр уул уурхайн бус экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн 90 гаран хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байна. Экспортын чиглэлтэй аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, чадавхжуулах, гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх замаар өрсөлдөх чадвар, экспортын чадамжийг бий болгодог бүтэц олон улс оронд байдаг. Ийм бүтцийг ч бий болгох асуудлыг судалж, хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой.

Мал аж ахуйн гаралтай уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи болон сэргээгдэх эрчим хүчний салбарын экспортын нөөц боломжийг дэмжих, хөгжүүлэх асуудлыг ч анхаарах хэрэгтэй байна.

Экспорт Монгол 2020 чуулга уулзалт экспортод тулгамдаж байгаа эдгээр болон бусад асуудлыг олон талаараа хэлэлцэж, ойлголтоо нэгдмэл болгох, тодорхой шийдэл санаа гаргана гэж итгэж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …