Шударга ёсны талаар иргэн Буянжаргалын Болороотой ярилцлаа.
-Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?
-Ер нь бол сонсож байгаагүй дээ. Анх сонсоход ямар ч зүйлд шударгаар хандвал зөв. Харин зөв зүйлийг хийхдээ хатуу ширүүн аргаар бус эвээр хандах хэрэгтэй гэж л ойлгогдож байна.
-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Харьцангуй ойлголт. Хүн бүр өөр өөрөөр тодорхойлж хэлэх байх. Миний хувьд шударга байх гэдгийг өөрийн чиг шугамаасаа хазайхгүйгээр тавьсан зорилгодоо үнэнч байх, үнэн байх, аливаа асуудалд шүүлтүүртэй хандахыг шударга байх гэж ойлгодог.
Бас нэг талаараа туйлын зөв, туйлын үнэн зүйл гэж байдаггүй шүү дээ. Түүнтэй адилхан миний л бодол зөв гэж үзээд, түүндээ итгээд, миний бодлоос эсрэг явахыг шударга бус зүйл гэж үзэж болохгүй. Ер нь ямар цар хүрээтэй асуудал вэ гэдгээсээ шударга гэдэг үгний утга хамаарах болов уу. Эцсийн бүлэгтээ шударга байх нь өөрөө өөрийнхөө бодол, хүсэл зорилгод үнэнч байж бурууг зоригтойгоор хэлж, өөрчлөхийг л хэлнэ. Хамгийн гол нь бусдыг, аливаа асуудлыг баруун солгойгүй шүүмжилж явах биш, шүүмжлэхдээ шийдэлтэй байх хэрэгтэй.
Түүнчлэн шударга байхыг нэг хазаарладаг зүйл нь хэм хэмжээ, хүний эрх гэж боддог. Харин шударга байдлыг хөхиүлэн дэмжих зүйл нь хүний эрхэм чанар, нэр төр, ёс суртахуун, өөртөө үнэнч байдал юм даа, миний бодлоор.
-Та шударга хүн мөн үү?
-Би өөрийгөө ингэж тодорхойлж хэлэхээс илүүтэй надтай хамтарч ажилладдаг, эсвэл удаан найзалсан хүмүүс хэлэх нь зөв байх. Гэхдээ шударга байхыг хичээдэг. Ээж маань бага байхаас буруу зүйлтэй эвлэрч болохгүй, тэвчиж дуугүй өнгөрч болохгүй, ямар ч юмыг шууд үнэнээр нь хэлж бай гэж сургасан.
Ямар сайндаа бага ангид байхад зарим багш нар орж ирээд өнөөдөр баярын өдөр юм чинь миний хүүхдүүд дуу шуугиан гаргахгүй, үймүүлэхгүй сууж болно багш нь жаахан амраад авъя гэхэд нь таныг ажилла, биднийг сурга гэж улсаас цалин өгч байгаа шүү, та хичээлээ ор гээд л хэлчихдэг байсан. Бас нэг багш маань бага зэрэг балгачихдаг хүн байлаа. Тэр багшийгаа шүүмжлээд л, архи уудаг багшаар хичээл заалгамааргүй байна гээд шуудангийн хайрцганд захиа хийчихнэ, өөрт нь ч хэлдэг байсан.
“10 оноо нэмье энэ номыг ав” гэхэд нь би авахгүй миний мэдлэгийг яагаад ном худалдаж авахаар дүйцүүлж бодоод байгаа юм гээд хэлчихдэг байлаа. Ер нь үнэхээр болж бүтэхгүй зүйл байвал хэлж байж л санаа амардаг хүн дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, нялцганасан харилцаанд дургүй, шууд хэлчихдэг.
Өмнө нь таалагдахгүй, өөрийнхөө буруу гэж бодсон зүйлээ шууд хэлчихдэг байсан бол одоо хэлэхээсээ өмнө нөгөө хүндээ хэр хүнд тусах бол гээд их бодож байж хэлдэг болсон. Гэхдээ улаан цайм буруу зүйл, эсвэл миний хувийн үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй асуудлаар надад хандсан тохиолдолд өөрийн бодол, зарчмыг тайлбарлаж татгалздаг.
Гэхдээ шударга байгаа нь энэ гээд бүдүүлэг байж болохгүй. Би өөртөө яг энэ үүднээс дүгнэлт хийх гэж хичээдэг. Өөрийн шударга байдал гэж бодож байгаа зүйлдээ үе үе дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй, бусдын шүүмжийг сонсож байх хэрэгтэй тэгэхгүй бол шударга байдал нь ёс зүйгүй, бүдүүлэг байдал руу шилжиж ороход ойрхон байдаг.
Шударга хүн ад болох нь элбэг байдаг даа, би юмыг дотроо хадгалж шаналаад эсвэл гаднаас нь хараад тэгчихгүй яавдаа гэж бэмбэгнэж сууж чаддаггүй шууд л хэлчихдэг тэрнээсээ болоод их ч ад болж байсан даа.
Ажил дээрээ ч буруу гэж бодсон зүйлээ шууд хэлээд, найзуудынхаа алдаа дутагдлыг ч хэлээд авдаг хүн дээ. Миний нүүр номын найзууд, хамтрагчид маань мэдэх байх, миний үзэл баримтлал, зарчим, зорилгоос өөр, буруу зүйлд чиглэсэн ямар ч асуудалд дуугүй байж чадахгүй үзэл бодлоо илэрхийлээд л баахан хүнээр балбуулж байдаг. Харин өөрт хамааралгүй зүйлд огт оролцдоггүй.
-Та өнгөрсөн өвөл төв талбай дээр ээжтэйгээ хамт суулт хийж байсан. Олон хоносон, тэр хэрээр олон ч хүний сэтгэлийн дэмжлэгийг мэдэрсэн байх. Тэр явдлыг шударга ёсны жишээ гэж хэлж болох болов уу?
-Яахав хүн болгон мэдэх байх. Жил хагасын өмнө түшиг тулгуур болсон ханиа гэнэт алдаад түүнийхээ гэм буруугүйг, хийх ёсгүй ажил хийлгэснээс болж амь насаа алдсан гэдэг ҮНЭНг олж тогтоохын төлөө тасралтгүй явсан шүү дээ. Мэдээж миний хувьд маш том эрх мэдэлтэй компанийн эсрэг, Монголд тогтчихсон тогтолцооны эсрэг улаан гараараа хөгшин ээжтэйгээ хамт тэмцэж байсан учраас олон түмнийхээ дэмжлэгээр ард нь гарна гэж бодсон. Тиймдээ ч би шат дараалалтайгаар тэмцсэн.
Үүсээд байсан нөхцөл байдал бол золгүйгээр зуурдаар өнгөрсөн нөхрийг минь тасралтын өмнөх зэрэгтэй согтуу болгоод, цахилгаан шат засуулах ажлыг хамгаалагчдаар хийлгэдэг байсан хэр нь огт хийлгэж байгаагүй гэж мэлзэж, миний нөхрийг өөрөө дурандаа цахилгаан шатнаас хүн гаргаж байгаад өнгөрсөн мэтээр хэргийг хаах саналтай прокурор руу явуулах гэж байсан. Ядаж байхад тэр болгоныг нь үгүйсгэсэн камерын бичлэг болон бусад нотлох баримтыг олоод авчихсан учраас ХУДАЛтай эвлэрч сууна гэдэг үнэхээр хэцүү, яагаад ч чадахгүй юм билээ.
Юу ч болоогүй байж талбай дээр гараад миний нөхөр буруугүй гээд суулт хийсэн бол хэн намайг дэмжих вэ. Хэн ч дэмжихгүй байсан. Тийм болохоор би эхлээд хэргийн талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгчихөөд дараа нь өөрөөсөө гарч болох, хүрч болох, явж болох бүх зүйлээр тэмцэх хэрэгтэй гэж бодсон.
Би хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд хандлага, ойлголт түгээх нөлөөллийн ажил хийдэг болохоор сошиал дээр овоо хэдэн дагагчтай л даа. Гэхдээ хэзээ ч лайв хийж байгаагүй. Харин үнэнийг олох эхний алхмаа лайв хийж мэдээлэл хүргэх байдлаар эхлүүлж, түүний дараа хэвлэлийн бага хурал хийж олон нийтээс тусламж хүссэн. Ингэснийхээ дараа компани, шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын гадаа суулт хийж, эцэст нь талбай дээр 10 хоног суусан байдаг. Энэ 10 хоногийн хугацаанд маш олон хүн ирж дэмжсэн, хөдөө орон нутгаас хүртэл дэмжиж байна гэсэн гарын үсэг цуглуулж ирүүлж байсан. Нийтдээ 7,000 гаруй хүний гарын үсэг цугласан.
Хэрэв үнэн зөвийг тогтоож өгөх эрх мэдэлтэн талбай дээр гарч ирээгүй бол суултаа өлсгөлөн болгох байсан. Би талбай дээр гурван шаардлага л тавьж суулт хийсэн шүү дээ. Тэр нь хэргийн харьяаллыг сольж, Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэх, шүүх эмнэлгийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багаар дахин гаргуулах, үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг дахин гаргуулах юм.
Анхнаасаа согтолтын зэрэг ихтэй дүгнэлт гарсан учир үйлдвэрлэлийн осол мөн гэж үзсэн ч гэсэн манай талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэснээсээ болж осолдсон гэж үзэх нөхцөл байдал үүсээд байсан. Тэр ч бүү хэл 8-9 асуулт бүхий дүгнэлтийн 7 хариулт нь манай хүнийг буруутгасан байсан. Тийм учраас надад үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь хамаагүй гол нь нөхөр маань буруугүй, компанийн буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан гэдгийг л тогтоолгох нь чухал байсан.
Тавьсан шаардлагын дагуу хэргийг нийслэл рүү татаж, бүрэлдэхүүнтэй шинжээчдээр задлан шинжилгээ дахин хийлгүүлж, түүний дараа МХЕГ-аас үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг дахин гаргасан. Шаардлагууд маань биелсэн юм чинь одоо боллоо гээд тайвшрах биш бүх процесс бас л удаашралтай явагдаад байхад нь өөрөө араас нь байн байн шаардаж, шахаж хурдлуулсан.
Ажиглаад байхад манайхан яг иймэрхүү хэрэг дээр үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гээд хаядаг, эсвэл яваад яваад шантраад хаядаг юм билээ. Тэгээд л хохирсон хүн нь хохироод үлддэг ийм тогтолцоо гаарчихсан байдаг юм байна. Нэг зүйл хэлэхэд, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ бүрэн гүйцэд танилцах ямар ч боломжгүй зөвхөн задлан шинжилгээний болоод үйлдвэрлэлийн ослын дүгнэлттэй танилцаад л болдог нь хэрэг нөгөө талд шийдэгддэг маш том цоорхой санагдсан. Дээрээс нь шүүх эмнэлгээс ямар дүгнэлт гаргана, байцаагч нь яг л түүндээ тааруулж ажилладаг юм билээ.
Ханиасаа авч үлдсэн хамгийн том бэлэг болох үр минь байгаа учир би үнэнийг тогтоолгож, эцгийнх нь нэрийг цэвэр байлгах ёстой гээд л шүд зууж ард нь гарсан даа.
Мэдээж энэ бүхэнд Болороо гэдэг хүн ганцаараа байгаагүй, хамгийн их түшиг болсон ээж маань, хууль зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж өмгөөлж өгсөн хоёр өмгөөлөгч, олон түмэн минь хамт байсан учраас ялсан юм.