ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр хүзүү, нурууны нугалмын заслаар мэргэшсэн цөөхөн эмч нарын нэг юм.
-Монголчуудын дунд нурууны өвчлөл ихэссэн гэж ярьдаг. Энэ яриа үнэн үү, ямар тоо баримт байдаг вэ?
-Монголчуудын бараг 80-аад хувь нь нуруу хүзүүний шохойжилттой, түүнээс улбаалсан өвчлөлтэй гэсэн дүгнэлтийг манай улсад ажиллаад явсан солонгос эмч нар хийсэн байдаг. Энэ чиглэлээр эмчилгээ, хагалгаа хийдэг эмнэлэг манайд олон бий. Гадагшаа ч хагалгаа хийлгэхээр явдаг хүмүүсийн тоо чамгүй их. Гэвч Монголд энэ чиглэлээр хийсэн нарийн судалгаа байдаггүй. Учир нь манайд эмч нарыг нуруугаар дагнаж мэргэшүүлдэггүй. Иймээс нуруу өвдсөн хүмүүс голдуу, мэдрэлийн эсвэл сэргээн засах чиглэлээр эмчлүүлж байна. Сэргээн засах эмчилгээгээр засрал авахгүй болохоор иргэд уламжлалтын эмнэлэгт, аарцаг нурууны бариа засал хийлгэдэг.
Бариа гэдэг булчин суллах л арга.
-Нуруугаа өвдлөө, муруйлаа гэж ярьдаг. Голдуу ямар шалтгаанаар нурууны муруйлт үүсдэг вэ?
-Нөлөөлөх шалтгаан олон янз. Жишээ нь компьютер, хэвлэгчээ өөрт ойрыг бодож буруу байрлуулснаас болж байнга хажуу тийшээ мушгирч суудаг хүмүүс байдаг. Болж өгвөл хөлөө байнга ачдаг эсвэл хөлөө нугалж суугаад сурчихсан хүмүүс ч бий. Ингэж суух үед нэг талын сүүжний яс байнга өргөгдөөд байна гэсэн үг.
Гэтэл аарцагны яс тэгш байж нуруунд жигд ачаалал ирдэг. Ингэж далийгаад сурчихвал хүн өөрийн мэдэлгүй түүнийгээ тэгшилдэг. Жишээ нь толгойгоо гилжийлгэх ч юм уу. Ингээд л муруйлт үүсчихдэг.
-Өдөр тутмын санамсаргүй хэв маягаасаа болоод л нурууны өвчтэй болох боломжтой байх нь ээ?
-Үзүүлж байгаа хүмүүсийн 60-70 орчим хувь нь буруу дадал хэвшлээсээ үүдэн нурууны нугалмын эмгэгтэй болж байна.
Оффист ажилладаг хүмүүс ширээнийхээ зохион байгуулалтыг бодоод яг өмнөө компьютероо байрлуулж чаддаггүй. Бас нэлээн ажиглагддаг учраас хөлөө битгий ачиж суугаарай гэж зөвлөмөөр байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу