Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-ЭМДЕГ-аас иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд хийдэг олон чухал ажлын нэг нь хөнгөлөлттэй эм олгох, авах ажил. Хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой заалтууд  нэлээд хэдэн хуульд орсон. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай , Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төсвийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүнээс өмнө хөнгөлөлттэй үнээр олгох эм тойрсон хүлээгдэл чирэгдэл багагүй асуудал үүсгээд байсан.

Жилд 32 тэрбум төгрөг төсөвлөдөг ч эмийн хүрэлцээ хангамж тааруу, сарын эхээр эм нь дуусдаг, иргэд хэрэгцээтэй эмээ авч чаддаггүй гэсэн хэл ам их гардаг байсан. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хөнгөлөлттэй эмийг илүү өргөн хүрээтэй олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь сонгон шалгаруулалтад тэнцсэн 900 орчим эмийн сангаар дамжуулан олгодог байсан бол одоо манайтай гэрээтэй бүх эмийн сангаар борлуулах боломжтой болсон.Хөнгөлөлттэй эм олгох эмийн санд хоёр шаардлага тавьсан.
Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй байх, Е баримт олгодог байх. 

Хөнгөлөлттэй эм олгох жорыг өмнө нь улсын хэмжээнд 3000 орчим эмч бичдэг байсан бол одоо бүх шатны эмч нар бичнэ. Даатгалтай гэрээтэй бүх эмийн сангаар дамжуулан борлуулна гэж журамдаа тусгаж өгсөн. Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах төсөв хүрэлцэх эсэхээ тооцоолоод бид  2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож байгаа хөнгөлөлттэй эмэндээ  30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ нь өмнө  хэрэгжүүлж байсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас үнийн хөнгөлөлтийн хувьд иргэдийн халааснаас гарах зардлыг бууруулах зорилго тавьсан. Нөгөөтэйгүүр, хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш  арваннэгдүгээр сарын 20 хүртэлх төсвөө бид тооцож үзсэн. Өмнөх сартай харьцуулахад хэдэн төгрөгийн эм борлуулагдав. Хэдэн жор бичигдсэн байна гэдгийг тооцоолсон. Энэ жилийн хувьд, төсөв хүрэлцэх тооцоолол гарсан учраас бид энэ асуудлыг дахин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд оруулаад, хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэх санал хүргүүлсэн. Энэ сарын 1-нээс эхлэн иргэдийн халааснаас гарч байгаа мөнгөн дүн илүү багассан учир талархал илэрхийлэх хүмүүс цөөнгүй байна.

-Оны эхний саруудад хөнгөлөлттэй эм тойрсон бухимдал багагүй гарч байсан. Харин өнөөдөр эмийн хүрэлцээ хангамж нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал буурсан харагдаж байна?

-Хөнгөлөлттэй эмийн хүрэлцээ нэмэгдсэн хүлээгдэл чирэгдэл, эмнэлгийн ачаалал буурсан. Учир нь өмнө нь иргэд лавлагаа шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж, хөнгөлөлттэй эм бичүүлж авчихаад, дахиад өрх, сумын эрүүл мэндийн төв дээрээ очиж, цахим жор бичүүлж авдаг байсан. Үүнээс болж зөвхөн эм бичүүлж авах иргэдээс шалтгаалан өрхийн эмнэлгийн ачаалал 50 хувиар нэмэгддэг байсан.

Харин одоо шинэчлэгдсэн журмаар зөвхөн  өрх, сумын эмч нар бүх эмийг бичихгүй. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын  нарийн мэргэжлийн эмч нар үзлэгээ хийгээд хөнгөлөлттэй эмээ бичих боломжтой болсон. Мөн  зарим эм тусгай шинжилгээний хариуг  үндэслэн нарийн тунгаар уух заавартай байдаг. Тиймээс өрхийн эмч, лавлагаа шатлалын эмч нар ямар эм бичих вэ гээд нарийн ангиллуудыг тусгаж өгсөн. Үүн дээр бас багагүй хэл ам гарсан ч бид төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж байна. Одоо бид  эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой. Төрийн мөнгө, иргэдийн мөнгө учраас үр ашигтай зарцуулах ёстой гэдэг үүднээс зарим асуудлыг засаж сайжруулаад явж байна. Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй эм тойрсон асуудал харьцангуй цэгцэрч байна.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД 141 ТӨРЛИЙН ЕРӨНХИЙ НЭРШЛИЙН 541 ЭМ ОРСОН


-Энэ ажлын хүрээнд хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдсэн. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, тоо ширхэг нэмэгдсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэхдээ ямар зарчим баримталсан бэ?

-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг боловсруулахдаа манай ажлын хэсэг олон улсын эмнэлзүйн аргачлалын дагуу боловсруулсан. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн бүтэц, судалгаан дээр суурилж, уг өвчнийг амбулаториор эмчилж хянахад шаардлагатай эмчилгээний эмийг сонгож оруулснаараа энэ удаагийн хөнгөлөлттэй эмийн жагсаалт нэлээд ач холбогдолтой болсон. Өвчлөлдөө суурилсан, эмээ зөв сонгосон жагсаалтыг баталж чадсан гэж бодож байгаа. Тухайлбал, 2019 оны амбулаторийн үзлэг болон хүн амын дунд зонхилон тохиолдож буй 111 өвчлөлийг сонгон энэ жагсаалтыг боловсруулсан. Үүнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өвчлөлүүд, хүндэрч эмнэлэгт хэвтэхэд хүргэж буй эмүүдийг сонгож авсан. Мөн эм удаан хугацаагаар ууснаас болоод иргэд санхүүгийн эрсдэлд ордог. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой нэршлийн эмүүдийг нарийвчилсан үзүүлэлтээр нь сонгож авсан. Энэхүү олон улсын эмнэлзүйн аргачлалын удирдамж, программыг дэлхийн 196 оронд  ашигладаг. Мөн олон улсын эмнэлзүйн удирдамжид заасны дагуу энэ удаа эмийн зохистой тунг оруулж өгсөн. Өмнөх жагсаалтыг харахад эмийн тунгийн бүх хэмжээ орчихсон байсан. Харин шинэчилсэн жагсаалтад тухайн өвчинд хэрэглэгдэх эмийн зохистой тунг зааж өгснөөрөө давуу талтай болсон. Хоёрдугаарт, энэ удаагийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтын программ эмийн тунгийн дээд хэмжээнд хязгаарлалт тавьж өгсөн. Энэ нь иргэдийг эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх давуу талтай. Өнөөдрийн байдлаар 141 төрлийн ерөнхий нэршлийн 541 эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон байгаа.

Өмнө нь манай эмч нар эмийн жор бичихдээ худалдааны нэршлээр нь бичдэг байсан. Худалдааны нэршлээр бичсэн тохиолдолд тухайн өвчтөн эмийн санд очихдоо яг тэр нэршлийн  эмээ авдаг байсан. Харин одоо эмийг ерөнхий нэршлээр оруулснаар иргэдэд тухайн ерөнхий нэршилд тохирох худалдааны нэршлийн эмүүдээс сонголт хийх боломжийг олгож  байна. Шуудхан хэлэхэд, хөнгөлөлттэй эм олголт нь эмийн сан, эмч хоёрын бизнес болж хувираад байсан. Иргэдэд чөлөөтэй сонголт хийх эрх нь  хязгаарлагдмал байсан. Тэгвэл одоо тухайн өвчтөн Орос, Герман, Япон, Солонгос болон эх орондоо  үйлдвэрлэсэн эмийг  авах уу гэдгээ өөрөө сонгох боломжтой болсон. Дээр нь нэмж хэлэхэд, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эдгээр эм нь Монгол Улсад мөрдөгдөж буй зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх ёстой. Жороор олгодог байх ёстой. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Эдгээр эм нь эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тооцоолж сонгож авсан. Мэдээж шинээр хийж байгаа ямар ч ажилд анхаарах, сайжруулах зүйл байдаг учраас цаашид илүү боловсронгуй болгох ажлуудыг шат дараатай хийнэ. 

-Зарим эм эмийн жагсаалтад орсонгүй гэх гомдол гарсан байсан. Энэ ямар учиртай вэ?

– Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эм орсонгүй гэдэг  нь учир шалтгаантай. Анх эдгээр эмийг жагсаалтад оруулахдаа бар кодоор нь бүртгэж оруулсан. Энэ нь эмийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой. Импортоор оруулж ирж байгаа эмүүд бар кодгүй байх, эмийн компаниуд гааль дээр үнээ өөрөөр мэдүүлэх, албан ёсны эмийн программд үнээ өөрөөр мэдүүлэх явдал мэр сэр гарсан.  Шинэчилсэн жагсаалтаар энэ асуудлыг цэгцэлж өгсөн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хийхдээ дээрх шалтгааны улмаас бид эм борлуулсан e-barimt-ийн үнийг харгалзаж үзсэн. Гэтэл үнийн харилцан ялгаатай байдал гарсан учраас бар кодоор нь бүртгэлжүүлсэн. Харин бар кодын бүртгэлгүй, эмийн үнэ нь  тодорхойгүй зарим эмийг эхлээд жагсаалтад оруулж амжаагүй. Нийлмэл найрлагатай зарим эм, уналт таталтын эсрэг эмүүд жагсаалтад ороогүй үлдсэн байсныг шалтгааныг нь арилгаж, явц дунд нь нэмж оруулсан. Энэ ажлыг бид  шат дараатай хийж байна. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭМДЕГ дангаараа шийддэггүй. ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүдтэй санал солилцож хэлэлцсэн. Иргэдэд нэн хэрэгцээ шаардлагатай эмүүд бүгд орсон. Мөн энд нэг зүйлийг анхааруулахад манай иргэдийн дунд эмийн зохисгүй хэрэглээ газар авсан. Эмийг хоол мэт хэрэглэдэг болсон. Эм авахдаа эмийн санчтай зөвлөлдөөд, өөрийн дураар эм авч уудаг байдал хавтгайрсан. Шүүмжлэлтэй хандах бас нэг зүйл нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар эм бичих л ажлыг хийдэг болсон. Эмч хүнээ үзээд оношоо зөв тавиад, түүнд тохирох эмнэлгийн тусламж үйлчилгээг бичих ёстой. Тиймээс хөнгөлөлттэй эмийн цахим жор олголт хэрэгжиж эхэлснээр таамаг сургаар, өөрийнхөө дураар эм хэрэглэдэг байдал цэгцэрнэ гэж харж байна.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТАСАЛДАЛ ҮҮСЭХГҮЙ

-Зарим иргэдийн хувьд, бүх эмийг хөнгөлөх ёстой юм шиг хандлага бас ажиглагдаад байна уу?

-Бүх эмийг хөнгөлөлттэй үнээр олгох ёстой юм шиг хандаж байгаа хүмүүс бий. Жишээ нь, өмнөх жагсаалтад амин дэм, витаминууд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн багтаж байсан. Харин шинэчлэгдсэн жагсаалтад эдгээр  бүтээгдэхүүнийг оруулсангүй гэсэн яриа гарсан. Энэ удаагийн жагсаалтад иргэдийг удаан хугацаагаар хэрэглэхэд санхүүгийн эрсдэлд оруулдаг, амбулаториор хянах, эмчлэх боломжтой эмүүд, мөн эмнэлэгт хэвтэх, нас баралтыг багасгах, гэрээр эмчлэх боломжтой өвчинд тохирохуйц эмүүдийг оруулсан. Тухайлбал, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчний үед уудаг эмийг манай иргэд нэг авахдаа олноор нь авах сонирхолтой байдаг. Олон удаа эмчид үзүүлж, олон удаа эмийн сан орохоос залхдаг. Гэтэл зүрх судасны өвчлөл ялангуяа, даралт ихсэх өвчний үед эмчийн хяналтад байх, ойр ойрхон үзүүлэх, эмийн тун хэмжээг өөрчилж байх хэрэгтэй. Гэтэл сард нэг удаа эмчид үзүүлээд, нэг удаа эм авах нь түвэгтэй байна гэж үздэг хүмүүс байна. Мөн антибиотикийн зохисгүй хэрэглээ их болсон. Австралид одоо болтол пенициллинийг хэрэглэдэг хэвээрээ байна. Гэтэл манайхан пенициллинийг аль эрт мартчихсан. Хамгийн сүүлийн үеийн циклоспориный төрлийн эм юм уу, аль хүчтэй антбиотикийн төрлийг ууж байна. Үүндээ бас дасчихсан байна. Одоо дараа нь юу уух вэ гэдэг асуудал үүсч байна. Тэгвэл хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тухайн өвчинд тохирох эмийг зохистой тунгаар хэрэглэхээр тусгаж өгсөн. Энэ нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, гадаадын өндөр хөгжилтэй улс оронд нийлмэл найрлагатай эмийг амбулаториор хэрэглэдэггүй юм байна. Үүн шиг бид ч бас өвчин эхэлж байх явцад дан найрлагатай зөөлөн эмээр эмчлэх ёстой. Хоёрдугаарт, манай иргэдийн ихэнх нь өвчнийхөө явцыг хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Тиймээс нийлмэл найрлагатай эмийг хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ нь манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хэнэггүй байдалтай холбоотой.  Эмийн тун хэмжээг ингэж нарийвчлан зааж өгсөн нь зохистой эмийн хэрэглээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 -Хүнсний хомсдол үүсчих вий гэдэг шиг эмийн тасалдал үүсчих вий гэж айдаг болсон байна. Эмийн хангалт нөөц багасах, тасалдал үүсэх эрсдэл бий юу?

-Эмийн хангалт, нөөцийн асуудалд ЭМДЕГ-аас ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ асуудлыг эм ханган нийлүүлэх байгууллагууд хариуцдаг. Гэхдээ цаг үеийн байдал, COVID-19 цар тахал дэгдсэн энэ үед эм, эмнэлгийн хэрэгслийн эм, тарианы тасалдал үүсгэж болохгүй гэдгийг төр засгаас онцгой анхааруулсан. УОК-т тусгай үүргийн нислэгүүдэд эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн хэрэгслийг тасалдуулж болохгүй гэсэн чиг үүргийг өгсөн байгаа. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх ёсгүй.

-Цахим жор бичилт хэр жигдэрч байна. Саяхан танай байгууллагаас цахим жор бичих онлайн сургалт зохион байгуулсан байсан. Аймаг, орон нутгийн эмч нар, эмийн санчид өргөн хамрагдсан байх?

-Цахимаар эмийн жор бичих,  олгох ажил эрүүл мэндийн салбарт өмнө нь хэрэгжиж байсан зүйл л дээ. Харин энэ удаа эмэн дээр хурууны хээ уншигч орж ирсэн. Хурууны хээ уншигч бас хувийн эмнэлгүүд, В, С вирусын эрт илрүүлэг, эм бичилт, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хэрэгжиж байсан зүйл. Сумын эмнэлгүүд болон өрхийн эмнэлгүүд хурууны хээ уншигчийг өмнө нь ашиглаж байсан. Иргэдийн хувьд хөнгөлөлттэй эм олгохдоо хурууны хээ ашиглана гэхээр эмийн сан дээр хурууны хээ уншигч байрлуулна гэсэн буруу ойлголттой байсан. Үүнийг бид залруулсан.  Эрүүл мэндийн даатгалын цахим системд шинээр холбогдсон хурууны хээ уншигч программын хувьд шаардлага хангасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах тухай шалгуурыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Хурууны хээ уншигчийг урьдчилан бэлдсэн байх ёстой юм.

ӨНГӨРСӨН САРД ЭМДС-ГААС 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭМИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙСЭН БАЙНА

-Хурууны хээ уншигчийг ашиглана, ашиглахгүй гэсэн асуудал бас гарч байсан. Энэ ямар учиртай байв?

-Эрүүл мэндийн салбар цаашид бүрэн цахимжина, ХУР системд холбогдсон. Цахим системд холбогдохоор хөдөөгийн алслагдсан сумын эмнэлэгт үзүүлсэн хүний мэдээлэл, Улаанбаатар хотод ирээд эмнэлэгт үзүүлэхэд бүрэн гарна. Хаана ямар эмнэлэгт ямар шинжилгээ өгч байсан, ямар эмчилгээ хийсэн гэх мэт мэдээлэл нь тодорхой гарна. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эм өмнө нь олгож байхад, эрүүл, хувь хүний регистрийн дугаар ашиглан олгодог байсан хэд хэдэн зөрчил эрүүгийн цагдаа дээр шалгагдаж байгаа. Эмийн сангууд, эмч хоёр хөнгөлөлттэй эмийг буруу ашиглаж байсан цөөнгүй тохиолдол гардаг байсан нь ил болсон. Үүнээс болоод сая хурууны хээ уншигч ашиглана гэхээр багагүй асуудал үүссэн. Ялангуяа, COVID-19 халдварын тохиолдол гарснаас үүдэн халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна гэдэг асуудал үүссэн учраас түр зогсоосон байгаа. Гэхдээ иргэдийн хурууны хээг уншуулна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн мэдээлэлд  хэрэг болохоос гадна  эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр ашигтай зарцуулахад хэрэгтэй юм.

-Ер нь манайд хөнгөлөлттэй эм авдаг хэдэн хүн байдаг вэ. Өнгөрсөн сарын 1-нээс хойш хэчнээн  төгрөгийн эм борлуулсан байдаг юм бол. Энэ талаар хийсэн тооцоо судалгаа байдаг уу?

-ЭМДЕГ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын эм олголтын хүрээнд тооцоо, судалгаа хийж үзсэн. Өмнө нь сард гурван тэрбум төгрөгийн эмийг эмийн сангуудаар дамжуулан олгодог байсан байна. Эхний гурав хоногт хөнгөлөлттэй эм дуусчихлаа гэдэг байсан. Өнгөрсөн сарын хөнгөлөлттэй эмийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийж үзэхэд ЭМДС-гаас 2.6 тэрбум төгрөгийн эмийн борлуулалт хийсэн байна. Өмнөх сартай харьцуулахад хүртээмж нэмэгдсэн, хөнгөлөлттэй эм очих ёстой хүндээ очсон судалгаа гарлаа. Хөнгөлөлтийн хувь, хэмжээг нэмсэн учраас энэ сард энэ тоо арай ахиу гарна. Ямартай ч бид иргэдэд ээлтэй, санхүүгийн дарамт багатай, өвчинд нь тохирсон эмийг олгож байна гэсэн үг. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд маань бидэнтэй хамтрах ёстой. Нөгөөтэйгүүр, хөнгөлөлттэй эм олголтын хурууны хээ уншигчийн хувьд 16  нас хүрээгүй хүүхэд, 70-аас дээш насны ахмад настнууд хурууны хээ уншуулахгүй. Мөн Улсын бүртгэлийн газраас гаргасан, хурууны хээ уншуулах боломжгүй хүмүүсийн бүртгэл манайд ирж байгаа. Хэвтрийн өвчтөнүүдийн жагсаалтыг эрүүл мэндийн байгууллагууд бидэнд гаргаж өгөх ёстой. Хөнгөлөлттэй эм олголтын хүрээнд 19.600 орчим хүний нэр бидэнд ирсэн. Энэ тоо цаашид бас нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс бид энэ тоонд  хяналт тавина.

 ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 73 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАЛДСАН-ЭМДС-гаас хэрэгжүүлж буй ажлууд иргэдэд улам ойртсоор байна. ЭМД-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх лавлах утас, ЭМД-ын апп зэрэг  цахим үйлчилгээг нэвтрүүлж байна. Ер нь цахим систем хэр жигдэрч байна.

Хөнгөлөлттэй эм олгох программ гацалт ихтэй байна гэсэн яриа гарч байсан?

-Цахим системийн асуудал дан ганц манайхаас шалтгаалахгүй. Санхүү, гааль,татварын цахим систем,  ehealth систем, эрүүл мэндийн байгууллагуудын цахим хангамж, тэгээд манай цахим систем орж ирж байгаа. “Хурууны хээ уншигч программ гацлаа”, “ЭМД цахим систем болохгүй байна” гээд л ярьж байна. Тохируулга, холболтоо сайн хийх ёстой. Хамгийн гол нь манай шинэчлэгдсэн программыг татаж авах ёстой. Гэтэл хуучин тогтоолоороо явах гээд байгаа газрууд байна. Хэрэв энэ тохиолдолд бид санхүүжилтээ өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Хөнгөлөлттэй эм олгоход тодорхой шалгуур хангасан тоног төхөөрөмжтэй байх ёстой гэсэн шаардлагыг бид холбогдох газруудад нь хүргүүлсэн. Нэгэнт цахим систем хэрэгжүүлж байгаа болохоор эрүүл мэндийн байгууллагууд, лавлагаа шатлалын эмнэлгүүд тоног төхөөрөмжийнхөө шаардлагыг сайн хангах ёстой.

– 2020 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 506 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд иргэд  улсын эмнэлэгтэй ижил 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Энэ ажлын явц ямар байна?

-ЭМДС-нд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг хуульчилж өгсөн байдаг. Үүн дээр Эрүүл мэндийн сайдын багцад 506 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Үүнийг бид  зарцуулах ёстой. Үүн дээр аж ахуй нэгж, байгууллагаас, ажиллагсдаас төлөх шимтгэл хэд байх вэ. Төсөвт байгууллагуудаас орох шимтгэл, бусад даатгуулагчаас төлөх шимтгэл нийлээд 506 тэрбум төгрөгийг бүрдүүлэх ёстой. Энэ орлого өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгөөр тасраад явж байна.  Учир нь хуулиараа ЭМД-ын шимтгэлийн орлогыг бүрдүүлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газар байдаг. Энэ жилийн хувьд COVID-19 цар тахлаас шалтгаалан олон хөнгөлөлтийг ААН, байгууллагуудад  үзүүлсэн байдаг. 

НДЕГ-ын тайлбарласнаар энэ хөнгөлөлтөд ААН, байгууллагууд ЭМД-ын шимтгэлийг давхар хөнгөлсөн гэж ойлгоод байна гэсэн тайлбарыг өгсөн. Хуульд зааснаар бол энэ нь сайн дурын бус, албан журмын даатгал. Хүн болгон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой. Тэгж байж иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй  авна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, оюутнууд, малчдын төлдөг сайн дурын даатгалын шимтгэлийн  хэмжээ бас багассан. Улсын болон хувийн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн даатгалын шимтгэл тогтмол хугацаанд орж ирж байгаа. Харин түр зогсолт хийсэн байгууллагын хувьд ажиллагсдынхаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөлгүй зогсоочихсон юм биш байгаа даа. Албан журмын даатгал учраас энэ шимтгэлийг төлж байж эрүүл мэндийн болон хөнгөлөлттэй эмийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэдгийг анхаараасай гэж бодож байна.


Б.ТУУЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.17 ПҮРЭВ № 241 (6466)

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …