Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг, Дэлхийн соёлийн өвд бүртгэгдсэн Сангийн далай хийдийг сэргээн засварлах, Бурхан залах ёслолын арга хэмжээ Номгон сумын нутагт боллоо. Говь нутагт ган гачиггүй, байгаль цаг уурын бэрхшээлгүй, хүн ард нь эрүүл энх, энх түвшин байхыг билэгдсэн Лусын эрхэт хааныг залах ёслолд нутгийн иргэд, сүсэгтэн олон өргөнөөр оролцжээ. Мөн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Даваасүрэн зэрэг зочид төлөөлөгчид оролцоо. Сангийн Далай хийд нь 306 жилийн түүхтэй бөгөөд хуучин байснаар нь сэргээн засварласан сүм хийд цөөхөн байдгийн нэг нь энэ аж.
Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Сангийн далай хийд нь 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагдаж байсан гэдэг. Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1708 оноос лам хувраг сууж эхэлсэн байна. 1835 оноос үйл ажиллагаа нь улам өргөжин Дүйнхорын дуган, Хайлан дуган, Жүдийн дуган, Сахиусны дуган, Гүүргийн дуган зэргийг барьж, ном судар барлаж хэвлэх, мамба жүд зэрэг төрөлжсөн сургалтын дацангууд байгуулжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хөндөлгүйгээр авч үлдсэн нь өнөө хүртэл өвлөгдөж ирсэн бөгөөд улмаар Өмнөговь аймгийн Есөн гайхамшиг, дэлхийн өвд бүртгэгдэж, Лусын эрхэт хааныг залсанд говь нутгийн ард иргэд талархалтай байна.