Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газраас жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус цэнгүүний энэ жилийн зохион байгуулалт болоод онцлогийн талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнгээс тодруулж, хариулт авлаа.
-“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хот өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг хэрхэн зохион байгуулахаар болсон бэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, Урлагийн газар жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийнхээ төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг зохион байгуулж ирсэн. Ингэхдээ тухайн жилд хит, олны хүртээл болсон уран бүтээлчид, хамтлаг, дуучдыг урьж оролцуулан иргэд, хотын удирдлагууд, урлаг соёлын салбарынхан хамтдаа Сүхбаатарын талбайд шинэ оноо угтдаг.
Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, олон хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон хамтран тайз засал, гэрэл, хөгжим, болон бусад техник хэрэгслийг бэлдэх, төв талбайд сүлд модоо засаж, чимэглэх, он солигдох мөчид ёслолын буудлага зохион байгуулах гээд маш олон ажил зохион байгуулдаг байсан. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах цэнгүүнийг маш олон хүн гэр бүлээрээ зорин ирж төв талбайд цугладаг. Тиймээс Нийслэлийн Цэргийн штаб, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага хамтран ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна “UBS” телевиз шууд дамжуулдаг байсан. Энэ жилийн хувьд “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй.
Гэхдээ жил бүрийн 12 дугаар сарын 15-нд төв талбайд сүлд модоо байрлуулж чимэглэдэг уламжлалын дагуу нийслэлийн сүлд модоо зассан. Харин “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ он угтах баярын цэнгүүнээ телевизийн контент хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж, зөвлөлдсөний үндсэн дээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн 51 жилийн түүхтэй “Баярын мишээл” шинэ жилийн баярын нэвтрүүлэгтэй нэгтгэн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг улс орон даяар хүргэхээр боллоо.
Эрхэм үзэгчид та бүхэн МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB” спорт суваг болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар маргааш буюу энэ сарын 31-ний 22:00 цагт “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” шинэ жилийн тусгай хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.
-“Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” урьд өмнөх “Баярын мишээл” шинэ жилийн баярын хөтөлбөр, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнээс юугаараа илүү өвөрмөц, онцлог байх вэ?
-МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй ярилцаад “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021”-ийн төлөвлөгөөг боловсруулахдаа зөвхөн өнгөрч буй онд хамгийн их олны хүртээл болсон, хит бүтээл болоод хамтлаг, дуучдыг урьж оролцуулсан теле концерт хэлбэрээр хийх бус шинэ содон шинэлэг санаа агуулсан баярын хөтөлбөр, контент бүтээх шийдэлд хүрсэн. Ингэхдээ уран бүтээлүүдийг арав арван жилээр нь багцалсан, таван хэсэг зохиомжтой буюу өөрөөр хэлбэл хагас зууны хит бүтээл, түүнийг амьдруулсан уран бүтээлчдийг урьж оролцууллаа. Мөн үe үeийн төлөөлөл болгон олны танил зочдыг урьж оролцуулан бага нас, шинэ жилийн баяртай холбоотой дурсамжуудыг нь хуваалцаж байгаа. Жишээлбэл 1970, 1980, 1990, 2000, 2010 оны үед шинэ жилийн баяр, он солигдох мөчийг хэрхэн тэмдэглэж байсан, тухайн үед ямар уран бүтээл хит болсныг эргэн сануулахыг хүссэн.
Үүнээс гадна МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөгт маш үнэт ховор архивууд бий. Энэ үнэт архивын дуу дүрснээс багахан хэсгийг “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрт оруулж байгаа.
Энэ тусгай контентыг бэлдэхэд МҮОНТ-ээс асар богино хугацаанд том баг хамт олон, инженер техникийн ажилчид маш сайн зохион байгуулалтад орж ажиллалаа. Түүнчлэн зураг авалтын талбай, студи, бусад шаардлагатай өрөө, тасалгаануудад ариутгал хийж, арын албанд ажиллаж буй баг хамт олон, бүх хүнээс шинжилгээ авч, эрүүл аюулгүй орчныг ханган ажилласан. Үүнээс гадна “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Улсын онцгой комиссоос гаргасан заавар чиглэлийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын хяналтын дор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан баярын хөтөлбөр, контентод оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна.
Уригдан ирж буй уран бүтээлчид “Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл 2021” баярын хөтөлбөрийн тайз, гэрэлтүүлэг маш их таалагдсан. Мөн хуучны хит бүтээлүүдээ дахин амьдруулж, сайхан дурсамжуудаа сэргээж байгаадаа маш их баяртай байна” гэдгээ хэлж байсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу