Олон нийтийн сүлжээгээр шинэ жилийн баяраар “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл тавигдсаны дагуу энэ сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ.
Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өглөө.
Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийх, ажил хийгдэж байна. Тус аж ахуйн нэгжийн зөрчилтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.