БАЯНДУН, БАЯН-УУЛ, ДАШБАЛБАР, ЦАГААН-ОВОО СУМДАД
“ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дорнод аймгийн хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд буурахгүй 2008-2012 оны байдлаар улсын дунджаас 3.6-5.2-оор, аймгуудын дунджаас 3.3-4.6-аар өндөр байна.
Шинээр оношлогдож буй хорт хавдрын нийт тохиолдлын 81.9 хувь нь хорт хавдрын III, IY үе буюу хожуу үе шатандаа оношлогдож, 73.9 хувь нь тухайн оношлогдсон жилдээ нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.
Сүүлийн 13 жилийн /2000-2012 он/ статистик судалгаагаар аймгийн хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн 44,9%, нас баралтын 47,4%-ийг элэгний хорт хавдар эзлэж байгаа ба 86.2% нь хорт хавдрын III, IY хожуу үе шатандаа оношлогдож байна.
Иймд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг тогтмолжуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
2000 оны Парисын тунхагт уриалсны дагуу Хорт хавдартай тэмцэх Олон улсын холбоо /UICC/ нь 2005 оноос Дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн 2 дугаар сарын 4-ны өдрийг “Хорт хавдартай тэмцэх Дэлхийн өдөр”, 11 дүгээр сарын эхний 14 хоногийг “Хорт хавдартай тэмцэх аян” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Тус холбооноос 2011 онд “Бид хамтдаа хүчтэй”, 2012 онд “Хамтдаа хавдрыг бууруулж чадна”, 2013 онд “Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?” уриа дэвшүүлэн дэлхий нийтээрээ хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна.
Бид энэхүү уриан дор “Хорт хавдартай тэмцэх аян”-ыг угтан Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, сургалт, сурталчилгаа бүхий “Элэг бүтэн амьдарцгаая” өдөрлөгийг 2013 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтний сонгосон элэгний хорт хавдарт өртөх эрсдэл бүхий нийт 200 хүнд элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хэт авиан оношлогоо, судасны цусанд элэгний “В” вирус, элэгний “С” вирус, элэгний хавдрын маркер AFP илрүүлэх үзлэг, шинжилгээ хийсэнээс:
1. Цагаан-Овоо сумаас элэгний хавдар 2, бөөрний хавдар 1
2. Баян-Уул сумаас элэгний хавдар 2
3. Баяндун сумаас элэгний хавдар 2, бөөрний хавдар 1
4. Дашбалбар сумаас элэгний хавдар 2, нойр булчирхайн хавдар 1 тус тус шинээр оношлогдлоо.
Эдгээр хүмүүс нь хавдрын эрт үедээ оношлогдож, дараагийн шатлалд онош баталгаажуулж эмчлүүлэх боломжтой байгаа нь бидний энэхүү үйл ажиллагаа цагаа олсон үр дүнтэй ажил болж байгааг харуулж байна.
Хэт авиан оношлогоогоор дараах эмгэг өөрчлөлтүүд шинээр илрэв. Үүнд:
Элэгний хоргүй хавдар гемангиома – 9
Элэгний уйланхай – 5
Элэгний шохойжилт – 19
Элэгний хатуурал – 12
Бөөрний уйланхай – 1
Бөөрний чулуу – 1
Бөөрний шохойжилт – 3
Цөсний чулуу – 9
Цөсний хүүдийн ур /полип/ – 12
Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 200 хүн хамрагдсанаас элэгний “В” вирус 69, элэгний “С” вирус 44, элэгний хавдрын маркер /AFP/ 26 эерэг гарсан байна.
Бид үзлэг, оношлогоо, сургалт, сурталчилгаа хийхийн зэрэгцээ тухайн сумдын удирдлагуудтай уулзаж хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал цаашид хамтран ажиллаж үзлэг, оношлогоог тогтмолжуулах талаар ярилцаж санал бодлоо солилцсон нь үр дүнтэй ажил боллоо.
Өдөрлөгийн үеэр “Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?” асуумжийг нийт 194 хүнээс авахад 67,6 хувь нь зөв хариулсан нь бидний өмнө зохион байгуулсан цуврал нэвтрүүлэг, сургалт сурталчилгаа иргэдэд хүрч эрүүл мэндийн боловсрол нь дээшилж байгаагийн илрэл гэж дүгнэж болохоор байна.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Хорт хавдраас сэргийлэх боломжтой” сургалтад нийт 76 хүн, сумдын иргэдэд “Эрүүл амьдралын хэв маягийг энгийн алхмуудаас хэвшүүлцгээе” сургалтад нийт 236 хүн, Хавдар судлаач эмч Г. Саранцэцэгийн эмхэтгэж “Амин тоонто” ТББ-аас санхүүжүүлэн хэвлүүлсэн зонхилон тохиолдох байрлалын хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаарх 8 төрлийн 2500 гарын авлагыг тарааж нийт өдөрлөгийн арга хэмжээнд 3000 орчим хүн хамрагдсан болно.
Төслийг санаачлагч, ерөнхий санхүүжүүлэгч “Амин тоонто” ТББ, дэмжин хамтран ажилласан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н. Хүрэлбаатар, Ж. Энхболд, Н. Батзориг, Л. Хишигтогтох, БОЭТ-ийн захиргаа, дүрс оношлогооны эмч П. Алтанчимэг, лаборант Мөнхцэцэг, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт ажиллагсдад хамтран ажилласан явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
“Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн аймгийн зохицуулагч,
БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч, Хавдар судлаач эмч Г. Саранцэцэг