Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд хилийн чанадад байгаа санхүүгийн асуудалд орсон 100 орчим иргэнд тусламж, дэмжлэг үзүүлсэн. Нэгдүгээр сарын 15-нд БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Мөн энэ сарын 22,30-нд нэмэлт хоёр нислэг хийж 320 орчим иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргалаа.
Хоёрдугаар сарын нислэгийн төлөвлөгөөг Гадаад харилцааны яамнаас УОК-ын даргад хүргүүлсэн байна. Нэгдүгээр сарын 27-нд хоёрдугаар сард хийх нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд огцом нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8433 хүн хүсэлтээ өгөөд байна. Ирэх сардаа багтаад буюу нэн яаралтай ирэх хүсэлтээ өгсөн 2660 орчим иргэн байна. Азийн улсаас 6315, АНУ буюу хойд Америкийн бүст 1478, Австрали 93, Европ 544 хүн байна.
БНСУ-д манай улсын 45 гаруй мянган иргэн оршин суудаг. 2019 оны сүүлээр БНСУ руу жилдээ 100 мянган хүн явдаг байсан.
Гадагшаа зорчих хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яаманд сүүлийн саруудад тогтмол хандаж байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг шийдэхээр Гадаад харилцааны яам ажиллаж байна.”гэж мэдэгдлээ.