Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.
Сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна
2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна.
Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1,000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.
Тусгаарлах байранд 1,300 гаруй иргэн байна
Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ.
Улсын хэмжээнд “Ковид-19”-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна.
Товч мэдээ
– Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.
– Улсын хэмжээнд 18,6 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5 мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм.