Шадар сайд тооцоо судалгаагүй, ямар ч төлөвлөгөөгүй хоосон хөл хориог зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна.

Өмнөх Шадар сайдууд доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөөгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ.

Харин энэ удаад УОК-ын шинэ удирдлагууд шинжлэх ухаанчаар, дэлхийн туршлагаар ажиллана гэдгээ өчигдрийн хурлаар харууллаа.

14 хоног хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг Шадар сайд С.Амарсайхан шууд зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд, “Хөл хорих хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Иргэдээ ПСР шинжилгээнд хамруулах гэж байгаа юм уу? Эсвэл Цагаан сараар тархалт нэмэгдэнэ хэмээн зүгээр л хөл хорих гэж байгаа юм уу? Та нарт ямар нэгэн төлөвлөгөө байна уу?” гэж асуухад санал гаргасан яамныхан юу ч хариулж чадаагүй бөгөөд төлөвлөгөө гарган танилцуулахаар болж хурал тарсан байна.

Шадар сайдын хувьд Улаанбаатар хотыг удирдаж байсан туршлагатай, үндсэндээ бизнесийн салбараас ирсэн хүн учир асуудлыг олон талаас нь бодож дээрх асуултыг асуусан биз.

Түүний ингэж нэхэх нь аргагүй юм.

Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс олон онцгүй шийдвэр гаргаснаас үүдээд улс орны болон иргэдийн эдийн засаг уначихаад байна.   Хэрэв дахин үндэслэл багатай тооцоо төлөвлөгөөгүй хөл хориог үргэлжлүүлбэл нөхцөл байдал улам л хүндэрнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Математик загварчлал гаргаж ажиллах шаардлагатай. Сар бүр 1000 иргэнээ хилийн чанадаас татан авна. Иргэдийн амь насыг ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр залуу сайд нар бодсон бодол, хийх ажил бий. Тэр нь өмнөх шиг утгагүй хөл хорихгүй гэж ойлгогдож байна.

Ерөнхий сайд болон Шадар сайд нар дэлхийд авч хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга тактикаар ажиллах нь ээ гэсэн найдлага төрж эхэллээ. Итгэл найдварын оч гялсхийх нь сайшаалтай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …