Нийслэл Улаанбаатар хотын нэрийг “Чингис” хэмээн өөрчлөх гэж байгаа тухай яриа гараад байгаа гэнэ. 90 жилийн түүхтэй хотын нэр хэнд ямар гай болсон болоод нэрийг нь өөрчлөх гээд байгаа нь ойлгомжгүй юм.
Дэлхий дахинаа Чингисийн Монгол нэрээр танигддаг хэмээн ярьдагч юм бүхнийг Чингис хэмээн нэрийдэх нь хэр зохимжтой вэ? Үнэхээр л бүхнийг Чингис нэршилтэй болгохыг хүсээд байгаа бол Тусгаар тогтносон Монгол улсынхаа нэрийг ч гэсэн “Чингис” болгочихмоор юм.
Шинэчлэл гэж тухайн улс орны оршин тогтносоор ирсэн түүхэн зүйлс бүхний нэрийг өөрчилхийг хэлдэггүй л байх. Ер нь манай улс шиг өнгөрсөн рүүгээ тэр дундаа түүхээ үгүйсгэж, дурсгалт газруудаа буулгаж байж орчин үеийн хөгжилтэй хот гэсэн нэр зүүдэг улс байдаггүй л байх. Өндөр хөгжилтэй Америк, Франц, Герман, Итали зэрэг улсууд бүгд л эртний түүхийг илтгэх дурсгалт барилга, хөшөө, гудамж, талбайгаа нурааж, нэрээ сольдоггүй. Харин засч янзлан тэр хэвээр нь байлгаж түүгээрээ бахархан “бид ийм олон жилийн түүх, соёлтой улс” гэдгээ гадаадын жуулчид, дэлхийн улс орнуудад бахархан үзүүлдэг билээ.
Сонирхуулахад, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн МАХН-ын 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээ гэх нэрийг “Улаанбаатар” хот хэмээн өөрчилсөн байна. Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Далайн түвшнээс дээш 1351 метрт өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв газар нутагтай. Засаг захиргааны 9 дүүрэгт хуваагддаг.