Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 202 автобус гарсан. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь өчигдрийнхөөс 5700-гаар нэмэгдсэн. Мөн ачаалал үүсч байгаа чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-Тусгай чиглэлээр явж буй автобуснуудын цагийн хуваарийг иргэдэд маш тодорхой, хүртээмжтэй мэдээлээрэй. Нийтийн тээврийн маршрутыг мөн нэмж гаргах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачууртад нийтийн тээвэр очихгүй байна гэж байна. Тэнд зайлшгүй ажиллах чиг, үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүнсний худалдаа эрхлэгчид байгаа. Мөн ЭСЯ-ны ажилтнууд, зарим төрийн албан хаагчдын зүгээс автобус ирэхгүй байна гэдэг гомдол ирсэн. Хоёр цаг гаруй автобусны буудал дээр зогссон гэж хэлж байна. Энэ бол нийтийн тээврийн явах цагийн хуваарийг иргэд мэдээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт шинжилгээний явцын байдал ямар байна?
-Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис:
Хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дээр үргэлжилж байна. Өглөөнөөс хойш 11,000 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Дүүргүүд дээр үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтнуудын шинжилгээг авч байна. Дүүргүүдийн онцгой комисс, Шуурхай штабын дарга нарт иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шинжилгээг түргэн шуурхай, халдвар хамгааллын дэглэмийн дор авахыг үүрэг болгосон.
Д.Сумъяабазар: За 72 цаг гэдэг ойлголт огт байхгүй шүү. Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн бүх шинжилгээ хүчинтэй. Нэг өрхөөс нэг хүн л шинжилгээ өгөх ёстой. Хатуу хөл хорио 23-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хүнсний хангамж, хот тохижилт, ус дулаан, гэрэл цахилгаан гээд инжненерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой.