Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа.
-Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт үүсээд байгаа асуудлыг танай байгууллага хэзээ мэдсэн бэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Тусгай цогцолборын сэтгэлзүйч багш нар хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Энэ хүрээнд “11 настай хүү хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна” гээд Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн манай байгууллагад хандсан. Мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус төвд ажилласан. Ажлын хэсгийнхэн хүүхдүүдийн амьдрах орчин стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэх, боловсролд бүрэн хамруулж чадаж байгаа эсэх, мөн багш нарын чадамжийн асуудлаар зөвлөн туслах баг ажилласан. Ингээд Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Үүний хүрээнд манай байгууллага Тусгай цогцолбортой хамтран цаашид багш нарыг чадавхжуулах, хүүхэд бүртэй харилцах сэтгэлзүйн үйлчилгээг сайжруулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсны дараа Нийслэлийн харъяа газрууд арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий?
-Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж, манай байгууллагын зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл цацагдсан. Тухайн үед мэдээлэл гарсны дараа сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон.
-Хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн үед хохирогч гэгдэх хүүгийн сэтгэлзүй хүнд байсан. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо Хүүхэд хамгаалах байранд аваачсан байгаа. Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг үзээд сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна.
-Тусгай цогцолборт хичнээн хүүхэд амьдарч байна вэ. Тухайн хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөл шаардлага хангагдаж байгаа эсэх дээр танайхаас шалгалтын ажиллагаа өмнө нь хийгдсэн байсан уу?
-Нийслэлд 28 асрамж, халамжийн төвд 878 хүүхэд байдаг. Тусгай цогцолборт 74 хүүхэд одоогоор амьдарч байгаа. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдэд манай байгууллагаас улирал тутамд шалгалтын ажиллагаа явуулаг. Он дуусах гэж байсан учраас төлөвлөгөөт шалгалтын ажиллагаа хийгдээд дуусчихсан байсан.
-Багш нар өдөр, оройн цагаар хүүхдүүдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Хүүхдийн төвд найман бүлэг хариуцсан нийгмийн хамгааллын найман ажилтан ажиллаж байгаа. Өдрийн найман цагаар ажилладаг гэсэн үг. Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд охид, хөвгүүд хариуцсан жижүүр багш нар тус, тусдаа ажиллаж, хяналт тавьдаг. 2020 оны есдүгээр сард Хүүхдийн төвд шөнийн цагаар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэдэг ээлжийн нийгмийн ажилтны тоог таваар нэмсэн.