МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Г.Адьяа дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан менежер, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Гэвэрстэй уулзлаа. МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн банкнаас Монголд үзүүлж буй төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн ач холбогдлыг сайшаагаад МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчид, гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. МҮЭ-ийн холбооноос Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай нийгмийн даатгал түүн дотроо тэтгэвэрийн даатгалын системийг боловсронгуй болгох, улсын төсөвийн хэлэлцүүлэгт иргэдийн дуу хоолойг хүргэх, ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг дэмжих зэрэг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар зөвлөлдөх уулзалт, судалгааны тайлан боловсруулах талаар сүүлийн жилүүдэд идэвхитэй хамтран ажиллаж байна.
Ойрын үед МҮЭ-ийн холбооноос дэлхийн банктай хамтран улсын төсөвийг хэлэлцүүлэгт хөдөлмөрчдийн санаа бодлыг тусгуулах, ҮЭ-ийн ажилтнуудын эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулах, дэлхийн банкны шууд зээл болон буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх үүднээс ҮЭ-ийн олон нийтийн хяналтыг бий болгох, үүн дотроо ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж байгаа эсэх, МУ-ын хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжыг хэрхэн биелүүлж байгаа, хүний эрх, ҮЭ-ийн эрхийг хүндэтгэж байгаа эсэх дээр хяналт тавих, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийн талаар хамтарсан сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг хамтран хийх бололцоотой ажлуудыг санал болголоо. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн зүгээс МҮЭ-ийн холбооноос тавьж буй саналуудын ач холбогдлыг онцлоод цаашид хөдөлмөрчдийн төлөөллийн хамгийн том байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Жич: Монгол улс 1991 оны 2 дугаар сарын 14-нд дэлхийн банкны гишүүнээр элссэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн банкнаас боловсрол, эрүүл мэнд, сайн засаглал, дэд бүтэц болон уул уурхай гэсэн таван салбарт нийт 14 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
МҮЭ-ийн холбооны Гадаад харилцааны хэлтэс