Сошаль медиа салбар цахим ертөнцөд асар хүчтэй орон зай эзлэх боллоо. Ялангуяа фэйсвүүк орчин олон төрлийн мэдээллийн эх сурвалж болжээ.
Цахим Ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц бичлэг бүхий нийтлэлээрээ олон нийтэд танигдсан Монголын шилдэг нийтлэлчдийн клуб буюу baabar.mn -ны нийтлэлч Артанян, Гаамп нар TASTE IT. Энийг хар даа гэдэг өвөрмөц нэртэй элдэв төрлийн хоолны групп нээсэн нь https://www.facebook.com/groups/429258463852454/ 14 хоногийн хугацаанд Сошаль медиа орчинд олны танил болж чаджээ. Тус группын гишүүд өөрийн гараар хийсэн юм уу хаа нэгтээ идсэн хоолныхоо зураг, үнэ ханш, амт, үнэр, тухайн хоолыг идсэн газар, ресторан гуанз, хоолоо идээд төрсөн сэтгэгдэл зэргийг оруулж болдог онцлогтой юм байна.
Манай сайтын зүгээс энэ групптай хамтран 7 хоног тутамд 1 шилдэг хоолны зургийг эзний нь хамтаар, мөн нэг шилдэг хоолны жорыг цуг оруулж байхаар боллоо. Ингээд та бүхэндээ эхний шалгаруулалтанд тэнцсэн хоолны фото зураг болон тус хоолыг хийж, зургийг оруулсан эзний нь хамт танилцуулья. Дараагийн 7 хоногт мөн шилдэгүүдийг танилцуулах болно.
Хэрмэл хэрчилттэй шарсан загас
ЖОР1: Хэрмэл хэрчилттэй шарсан загас
Орц:
Загасны мах – 250 гр
Амтат улаан чинжүү – 20 гр
Амтат ногоон чинжүү – 20 гр
Сонгино – 50 гр
Төмс – 50 гр
Сухар – 10 гр
Давс – 5 гр
Элсэн чихэр – 10 гр
Ногоон сонгино – 2 гр
Хүнсний архи – 30 мл
Крахмал – 100 гр
Жан – 5 мл
Цагаан цуу – 30 мл
Ургамлын тос
Бэлтгэл ажил:
Загасны махыг 250 грамм хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй хувилан зүсэж авна. Хувилсан махны дотор талаас хутгаар жигд хэрж хэрчинэ.
Мах дарах соус: Хүнсний архи, давс, жан, сонгино зэргийг сайтар хольно.
Бүтэн чинжүүг хөндлөн хэрчиж, сонгиноо цагиран хэлбэртэй өргөн хэрчиж бэлднэ
Хийх арга:
Хэрчиж бэлтгэсэн загасаа соусандаа 1 цаг дарна. Үүнийгээ хуурай крахмалд өнхрүүлж ширхэг бүрт нь цацаж өгнө.
180С- т хэмтэй их тосонд шарж бэлэн болно.
Сонгиноо бүрээд, чинжүү, төмсөө их тосонд шарж болгоно.
Улаан сүмс: Бага тостой хайруулын тавганд сонгино, сармис, цагаан гаа, томат зэргийг хийж хуураад дээрээс нь шөл хийж буцалтал нь халаана. Эдгээрийн дээрээс давс, элсэн чихэр, цагаан цуу хийж сайтар хутгаад хуурсан гурилаар өтгөрүүлээд бэлэн болно.
Siilen Amar /https://www.facebook.com/MiniiGalTogoo /
ЖОР2: Зууханд жигнэсэн далан давхар гурилтай битүү шөл
Далан давхар гурилны орц:
– 250 гр гурил сайтар сунаж өгдөг гурил байвал сайн
– 250 гр цөцгийн тос
– 1 цайны халбага давс
– 150 мл хүйтэн ус
Хийх заавар:
1. Гурилаа шигшээд давстайгаа холино. Цөцгийн тосоо хөлдүү чигээр нь 1 см хэмжээтэй жижиг хэсгүүдэд хуваагаад гурил дээрээ нэмж хутгана. Цөцгийн тосны чинь жижиг хэсгүүд гарт мэдрэгдэж байх хэрэгтэй шүү.
2. Уснаасаа 100 мл хийгээд гурилаа зуурна. Хэрэгтэй бол уснаасаа бага багаар нэмж болно.Ингэж зуурчихаад хүнсний уутаар ороогоод хөргөгчинд 20 минут амраана.
3. Гурилаа гаргаж жаахан нухаад, дөрвөлжилж хэлбэрт оруулна. Ингэж хэлбэрт оруулсан гурилаа эргүүлэлгүйгээр элдэж, 3х1-ийн харьцаатай гонзгой дөрвөлжин болгоно. 20см х 60 см, аль болох хэлбэрээ дөрвөлжин чигээр нь хадгалах хэрэгтэй шүү. Бас цөцгийн тос нь гурилнаасаа бага зэрэг ялгарч харагдаж байх хэрэгтэй.
4. Доод талаас нь гурилныхаа гуравны нэгийг дээшээ нугалж давхарлаад, дээд талыг нь бас нугалж 3 давхар болгоно. Гурилаа хажуу тийшээгээ эргүүлж амсарыг нь дээшээ харуулаад ахин элдэж өмнөхтэй адилхан давхарлана.
5. Энэ үйлдэлээ ахиж 5 удаа давтаад, гурилаа хүнсний уутанд боон хөргөгчинд дор хаяж 30 мин байлгана. Гарган ирж 2 мм зузаантай болтол нь элдэж нимгэлээд, шөлөнд хэрэглэхэд бэлэн.
Битүү шөл
Орц:
– 2 том аяга, эсвэл 3 жижгэвтэр аяга болно.
– Дээрх заавраар бэлдсэн гурил
– Үхрийн мах
– Сонгино сармис
– Давс перец
– Зууханд хэрэглэж болох аяга (Өндөр температурт жигнэх тул жирийн аяга бол хагарах аюултай шүү.)
Хийх заавар:
1.Гурил дээрээ аягаа доошоо харуулан тавьж байгаад хэлбэрт нь тааруулан зүсэж бэлдэнэ. Илүү гарсан үлдэгдэлийг нь хэлбэр дүрс гарган зүсээд, аягаа бүтээсний дараагаар дээр нь тавьж чимэглэсэн ч болно. Ахин хэрэглэж болохоор ихээхэн гурил илүү гарчихвал, завсарт нь хүнсний уут хавчуулж хуйлаад хөлдөөгчиндөө хийчихвэл хүссэн үедээ гэсгээгээд хэрэглэх боломжтой.
2. Үхрийн махаа маш нарийн савхан хэлбэртэй, эсвэл буузны мах шиг жижиглэн татна. Сонгиноо нимгэн хэрчиж, сармисаа жижиглэн татна.
3. Мах, амтлагчаа аягандаа хийгээд, хүйтэн ус нэмнэ. Халуун ус хийвэл гурил чинь шууд нялцайгаад эхэлнэ шүү.
4. Гурилаа бага зэрэг гараараа сунгаад аягаабүтээн, ирмэгийг нь сайтар нааж өгнө. Нэг ширхэг өндөгийг нэг хоолны халбага устай хольж хутгаад, гурил дээрээсээ хүнсний бийрээр түрхэж өгвөл гурил маань илүү гялтгар алтлаг өнгөтэй болно шүү. Чимэглэл гурил маань ч сайн наалдаж өгнө.
5. Зуухандаа хийгээд 200 градуст 30 мин жигнэнэ. Сүүлийн хэдэн минутанд гурил нь түлэгдэх гээд байвал тугалган цаасаар бүтээж өгөөрэй.