Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 8200 хүн вакцинжуулалтад хамрагдана

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 16 дугаар захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өчигдөр (2021.03.09) эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд тус тус ажиллаж, дархлаажуулалтын явцтай танилцан, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов. 

Манай улсад коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдол 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагийн байдлаар 3372 (+36) бүртгэгдсэн. Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлуудыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатарт 2512 (+33), Архангай 3, Говьсүмбэр 4, Дархан-Уул 45, Дорноговь 32, Завхан 2, Орхон 25, Сэлэнгэ 217, Төв 7 (+3), Энхсаран тусгаарлалтын байранд 49, ХӨСҮТ-д 33, ЦТЭ-т 22, ЭНЭҮТ-II-1, зөөвөрлөгдсөн 421 бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд Коронавируст халдвар (Ковид-19) -ын эсрэг дархлаажуулалт өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өчигдрийн (2021.03.08) байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 13.962, дүүргийн онцгой байдлын 1.219, Цагдаагийн 2.862, Мэргэжлийн хяналтын 146, хорооны хэсгийн ажилтан 1368, 59-64 насны 69, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1350, нийт 20976 иргэнийг тус тус дархлаажуулалтын 1 дүгээр тунд хамруулжээ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 6 цэгээр вакцинжуулалтыг хийх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 дахь цэгээ нээн ажиллуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаа, хороо хэсгийн ажилтан зэрэг зорилтот бүлгийн нийт 8240 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Өдөрт нэг цэг дээр 214 орчим хүнд вакцины 1 дүгээр тунг хийхээр төлөвлөсөн бөгөөд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдийг ажиллах үеэр буюу 13.00 цагт хоёр цэгт 190 хүнийг вакцинд хамруулаад байна гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан хүүхдийн эмч Г.Эрдэнэтуяа хэлж байлаа.

э.

Чингэлтэй дүүргийн хувьд дархлаажуулалтын нэг цэг дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Нэмэлтээр олон цэг байгуулахад эмнэлгийн стандартын шаардлага хангах байрны асуудал тулгарч байгааг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва хэлж байлаа.

Нэг хүнд зарцуулах хугацааг багасгаж, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай 

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа нар Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажилласан.

Баянгол дүүргийн эрүүүл мэндийн төвийн хэмжээнд КОВИД-19 халдварын дархлаажуулалтын УБЦТС ТӨХК-ийн, ДЦС-4-ийн, Явуулын 2 цэг  нийт  4 цэг ажиллаж байна. Дархлаажуулалтын байнгын  цэг нь хүлээлгийн хэсэг, бүртгэл, эмчийн үзлэгийн хэсэг, дархлаажуулалтын хэсэг, дархлаажуулалтын дараах ажиглалтын хэсгүүдээс бүрдсэн.

Цэг тус бүрт 1-3 үзлэгийн эмч, 1-3 вакцинатор, 1-3 бүртгэгч-сувилагч, 2 зохицуулагч, дархлаажуулалтын дараах ажиглалтын 1 эмч, 1 сувилагч, 1 ариутгагч, 1 үйлчлэгч гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2099 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 1089 тун вакцинд нэгдсэн эмнэлгийн 200 эмч, ажилтан, нийт 6 өрхийн эрүүл мэндийн төвийн 79 эмч, ажилтан, цагдаагийн 189 алба хаагч, онцгой байдлын 189 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 43 ажилтан, дотоодын цэргийн 416 алба хаагчдыг хамруулсан байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дархлаажуулалтын 2 цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 811 хүнийг вакцинжуулжээ.

Эмнэлгийн байгууллагын ачаалал их байгаагаас шалтгаалан нарийн мэргэжлийн эмчийн тоо хангалтгүй байх, нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн хүртээмж болон вакцинжуулалт хийх стандартын байрны хангалт муу зэрэг асуудлууд дархлаажуулалтын цэгүүдэд нийтлэг тулгамдаж байна. Мөн ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу нэг хүнд зарцуулах цаг 30-40 минут байгаа нь дархлаажуулалтын явц удаашрахад нөлөөлж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд дээрх асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …