Мөрдэстэй цуглуулагчдын үзэсгэлэнгээс …

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн босгон дээр ЗХЖШ болон “Мөрдэстэй цуглуулагчид” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын 1000 гаруй цуглуулгыг дэлгэлээ.

 “Мөрдэстэй цуглуулагч-2021” үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, хошууч генерал П.Доржсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаны хүмүүс оролцож, дэлгэгдсэн цуглуулгыг үзэж сонирхсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэн 14 офицер, ахлагч, ажилтан албан хаагчид цуглуулгаа дэлгэсэн бөгөөд цэргийн мэргэжлийн зэвсэг, техникийн модель, луужин, медалион, цамхаг, заан, тэмээ, дельфин, хундага, түлхүүрний оосор, чамин хийцтэй халбага, зоосон болон цаасан мөнгөн дэвсгэртүүд зэрэг эд зүйлүүд багтжээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга, хурандаа Л.Баярцогт Зэвсэгт хүчинд ашиглагддаг “Урал”, “Зил-131” зэрэг цэргийн техник,  замын цагдаагийн автомашины 70 гаруй моделиудаа дэлгэж. Түүний цуглуулгад 100 гаруй автомашины модель байдаг ч энэ удаа шигшээд 70 цуглуулгаа авчирсан байна. Цуглуулгийнхаа талаар ярихдаа цэргийн мэргэжлийн автомашины модель гэдэг утгаараа олдоц багатай. Олдвол заавал худалдаж авдаг, хааяа найз нөхөд нь ч бэлэглэдэг гэнэ. Хамгийн үнэтэй бөгөөд түүхэн цуглуулга нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдэж байсан “Урал”-ын модель ажээ.

Дараагийн цуглуулагч нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Д.Дугаррагчаа байв. Тэрээр луужин цуглуулдаг байна. Луужингаас гадна хуучны цэргийн дарга нарын хэрэглэж байсан дуран, томруулдаг шил, ном, дэвтэр зэрэг иж бүрдлийг ч үзэгч олноо дэлгэсэн байна. Хурандаагийн хувьд луужингаа гурав дахь удаагаа үзэсгэлэнд дэлгэж байгаа туршлагатай цуглуулагч. Мэдээж олдоц багатай, олдсон ч өмнөх загвар, хийцээ давхардуулахгүй байхыг хичээдэг гэнэ. Эртний эдлэл зардаг дэлгүүрээс худалдаж авсан, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байхдаа авсан гээд түүний луужин бүр өөр өөрийн түүхтэй ажээ.

Луужингийн тавиурын зэргэлдээ чамин хийцтэй, загварлаг, өнгө үзэмж сайтай түлхүүрүүдийн оосор байсан нь БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үйчлэгч Д.Нармандахын цуглуулга. Тэрээр 2019 оноос цуглуулж эхэлсэн бөгөөд голдуу найз нөхөд, хамт олон нь бэлэглэж, хоббиг нь арвижуулахад нь тусалдаг байна. Дэлхийн 3 гаруй орны 80 гаруй түлхүүрний оосортой, хобби хүнийг хүсэл, зорилго, тэмүүлэлтэй болгодог гэлээ.

Зэвсэгт хүчиндээ мэргэжлээсээ гадна хоббигоороо танигдсан хүн бол яахын аргагүй бэлтгэл хурандаа Ө.Батмөнх юм. 1990-ээд оноос л цэргийн зэвсэглэл, техникийн модель сонирхож эхэлсэн түүний хувьд бусдыгаа бодвол туршлагатай цуглуулагч. 2010 он гарсаар зөвхөн цэргийн техникээр хязгаарлагдахгүйгээр өөрийн мэргэжил буюу их бууны моделийг дагнан цуглуулах болсон байна. Олдоц багатай учир голдуу захиалуулж хийлгэсэн, заримыг нь ч найз нөхөд гадаадаас авчирч өгсөн байна. Түүнд 80 гаруй цуглуулга байгаагаас энэ удаад 45 их бууны модельтойгоо оролцож, эд зүйл бүрээ үнэлж баршгүй бүтээл хэмээн тодотгож байсан юм.

Энд бас нэгэн сонирхолтой цуглуулагч байсан нь ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Л.Баатар. Тэмээний сувинер цуглуулдаг байна. “Эрхэм хурандаа та говийн хүн үү” гэхэд “Хүмүүс намайг дандаа тэгж ойлгодог юм. Би чинь Сэлэнгэ аймгийнх. Яагаад говийн тэмээг шүтэж, сувинерийг нь цуглуулах болсон гэхээр Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар хоёр удаа томилогдон ажилласан. Энэ үеэс тэмээ гэдэг амьтныг илүү хайрлаж ирсэн. Ардын уран зохиолч П.Бадарч гуайн “Тэмээ” хэмээх их сайхан шүлэг бий. Тэмээ яг л тэр шүлэг шигээ сайхан амьтан” гэлээ. Түүний цуглуулгад 120 гаруй тэмээний сувинер байгаагаас хамгийн хүндтэй нь хуучны шилэн хийцтэй хүрэн буур гэнэ. Нэг бөхтэй, хоёр бөхтэй голдуу аж байдлын тэмээний сувинер “Мөрдэстэй цуглуулагч”-дын бас нэгэн чимэг нь байлаа.

Төгсгөлд нь онцлох цуглуулагч бол Цэргийн төв эмнэлгийн Хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийдаваа. Дэд хурандаа БХЯ,  ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын энгэрийн тэмдэгийг цуглуулдаг байна. Түүнээс гадна энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа цуглуулсан зарим орны Зэвсэгт хүчний энгэрийн тэмдэг ч түүний цуглуулгад байлаа.

General Staff of the Mongolian Armed Forces

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …