Соёлын сайд Ч.Номин кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтаар монгол киноны хөгжлийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин, кино үзвэрийн бодлого, кино түгээлтэд тулгамдаж буй асуудлууд, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино зах зээлийг нээх гарц, шийдэл сэдвийн хүрээнд ярилцав.
Кино урлагийн салбарын уран бүтээлчид Соёлын сайдын баримталж буй бодлогыг дэмжиж буйгаа мөн үеэр илэрхийлээд, салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан, багшлах боловсон хүчин дутмаг, чадамжгүй байгааг анхаарч өгөхийг хүслээ. Мөн салбарын бодлого тогтвортой байх чухлыг уран бүтээлчид онцолсон юм.
Уулзалтад Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, “Монголын кино институтийн” захирал Г.Жигжидсүрэн, “Монголын кино бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Ж.Сэнгэдорж, “Black box” театрын захирал С.Мягмар, Монголын урлагийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн,”Гүрү медиа” ХХК-ны продюсер Ц.Ариунаа, Монголын Үндэсний кино хорооны тэргүүн Н.Оргил, “U Film ” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Г.Ундармаа, “Бадрангуй” кино компанийн захирал А.Миеэ-Гомбо, “Бумбардай” төслийн захирал Н.Эрдэнэбаяр, “ I Cinema кинотеатр”-ын захирал Х.Жигжидсүрэн нар оролцлоо.