Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн хэрэгжилт, залуус хорооллын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “2021 оны 1 сарын 1-ний өдрөөс 3 сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1,673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсноос 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрт 410.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны 1 улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1,816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23,591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлд 19,191 айл, орон нутагт 4,400 айлын орон сууц төлөвлөгдсөн.
2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод байна. Энэ нь өмнөх 3 жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10,000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах юм. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгоно.
Залуус хорооллын ажлыг эрчимжүүллээ
Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус” 5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг /эскиз/ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Уг ажлыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах бөгөөд цаашид 2021 оны 3-р улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц гарц, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх авто замын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан”гэж мэдэгдлээ.