Нийслэлд энэ сарын 26-ний өдрөөс эхлэн нөөцийн махыг хүнсний 139 дэлгүүрт худалдаалж эхлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын тодруулахад “Нөөцийн махны борлуулалт энэ сарын 26-ны өдрийн 14:00 цагийн байдлаар 6 аж ахуйн нэгж 139 дэлгүүрт мах нийлүүлэхээс 4 аж ахуйн нэгж 8,3 тонн /4,2тн үхэр, 4,1тн хонь/ махыг 24 дэлгүүрт хүргэж түгээлт хийгдсэн байдалтай байна.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч 17 аж ахуйн нэгж нийт 416 хүнсний болон томоохон сүлжээ дэлгүүрт түгээлт хийх бөгөөд энэ сарын 30-наас түгээлтийн ажил жигдэрнэ.
Мөн мах бэлтгэх, нийлүүлэх, савлах дамжлага дээр ажиллаж буй 91 ажилтанг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бүрэн вакцинжуулалтад хамруулаад байна” гэж мэдээллээ.
Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэй болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.