Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байгаа. Өнөөдөр тус зөвлөгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтуудыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй хүмүүс бол ЗДТГ-ын дарга. Та бүхний ажлын үр дүн ард иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, авлига хээл хахуультай яаж тэмцсэн, бүтээн байгуулалтыг хэрхэн өрнүүлснээр хэмжигдэнэ шүү” гэсэн юм. Мөн “Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, мөнгө хэрэгтэй. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийн удирдлагуудад олгосон. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очдог болсон. Сумын удирдлагууд гэхэд 500 сая хүртэл төгрөгийг өөрсдөө мэдэж зарцуулах болсон нь өмнө байгаагүй том эрх мэдэл. Гагцхүү эрх мэдлээ зөв ашиглаж, хөрөнгийн зарцуулалтаа ил тод, олонд хүртээмжтэй байлгах ёстой гэж анхаарууллаа. Түүнчлэн, ирэх жил аймгуудад 1000 хүртэл айлын орон сууц барьж эхэлнэ, аймаг бүрийн нэг сумыг орчин үеийн төв суурин газрын жишгээр шинэчлэн хөгжүүлэх ажил өрнүүлнэ. Бүтээн байгуулалтын энэ мэт ажлууд орон нутагт хэрэгжихийн хэрээр та бүхнээс илүү өндөр хариуцлага шаардана” гэлээ.
Зөвлөгөөний үеэр энэ оны ажлын үзүүлэлтээрээ эхний таван байр эзэлсэн аймгуудын ЗДТГ-ын дарга нарыг нэг сарын цалингаар нь урамшуулсан юм. Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Лхамсүрэн нарт Засгийн газрын тэргүүн амжилт хүсч, дурсгалын зүйл дурсгав.Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, дөрвөн сум, нийслэлийн 9 дүүрэг, гурван хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор долоон сая 350 мянган иргэнд үйлчилжээ. Эдгээр төвүүд нь Засгийн газрын агентлагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэд нэг дор олон төрлийн үйлчилгээ авч байгаа нь хүнд суртлыг багасгасан гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэж байна.