Дэвхрэг Мөнхбат

dewhregМанай говьд дэвхрэг гэж амьтан бий. Хаа хүрэх, юу хийхээ мэдэхгүй хаашаа ч хамаагүй үсрэнэ. Түүнд өдөр тутмын ажил гэж байхаас алсын зорилго байхгүй. Эндээс үсрээд тэнд бууна гэсэн нарийн тооцоолол ч байдаггүй байх. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Мөнхбат дэвхрэгтэй их адилхан юм аа.

Түүнийг залуучуудын холбоонд очиход олон хүн сэтгэл хангалуун байлаа. Ажлаа авмагцаа “Паркаа аварья” гээд л… Мөн ч урамтай. Энэ уриаг олон түмэн халуун дотноор хүлээн авснаар тоглоомын талбайн эздийг Иргэний танхимд зэрэгцүүлж суулгаж байгаад байцаасан. Чи тэр булааж авсан талбайгаа буцааж өгч чадах уу. Асуултынхаа хариуг одоо авмаар байна гээд л… Цаадуул нь “Бид хуулийн дагуу л авсан шүү дээ” гэж нам дуугаар хариулаад л… Мөн ч сүртэй байсан даа. Тэр үед иргэдийн оролцооны хүчийг мэдэрч билээ.

Даанч үр дүн нь тэг хувьтай. Одоо бүр А.Мөнхбат энэ тухай дурсахаа ч байж. Нэг чанга хашгираад дуу нь сулран суларсаар таг дуугүй гүлдийчихдэг байгаа. Харин газрын эзний барилга өдрөөс өдөрт сүндэрлэж, өнгө үзэмж нь нэмэгдсээр, “Одоо энэ газар минийх” гэх дуу улам чангарсаар…

Паркийн газрыг эзэмшиж байгаа нөхөд хууль зүйн хувьд ямар ч асуудалгүй. Тэд авлига албан тушаал ашиглаж паркийн газраас хумсалсан гэдгийг нь нотлох баримтыг хаанаас ч олохгүй. Ийм байхад яаж ч шүүхдээд нэгэнт хувийн өмчийг төр булаах үндэслэлгүй. Энэ бүхнийг нарийн тооцож байж паркийн газар луу үсрэх байсан юм. Үүнийг тооцолгүй үсчиснээс болж дэвхрэг хоч зүүхэд хүрэв.

Түүний дараагийн дуулиант ажил нь Хөдөлмөрийн биржтэй хамтарч хийсэн “Сумын залуус”. Орон нутгийн оюутнууд зуны амралтаараа сумдаа хөдөлмөрлөнө гэсэн агуулгатай төсөл. Энэ төсөлд 21 аймгийн 331 сумын 1324 залууг хамруулсан гэж байгаа. Хүн тус бүрт 260 мянган төгрөгний цалин бодож, 180-ыг гарт нь олгож, 80-ыг татвар гээд аваад үлджээ. Мөнгөн дүн нь багагүй хэмжээтэй төсөл байгаа биз. Энэ их мөнгөөр хийсэн ажил нь үнэхээр чамламаар. Дээрх цалинг авсан хүмүүс хийснээсээ хийгээгүй нь их. Зүгээр л шоудаад өнгөрсөн гэж болно.

Ажил хийсэн цөөхөн хэдийгээ ч шударга дүгнэж чадаагүй. Төслийн хүрээнд оюутнууд нутагтаа хийсэн ажлаараа уралдаж дүгнүүлсэн юм. Даанч шүүлт шударга болоогүй. Танилтай, эрх мэдэлтэй хүмүүсийн баг дээгүүр давхиж, хэн нэгний тусламжгүйгээр хийсэн ажлаараа өрсөлдсөн залуусыг доогуур дүгнэсэн байна. Тодруулбал, Увс, Хэнтий, Хөвсгөлийн баг нийлж Дундговийн багийг унагажээ. Ажлынхаа үр дүнг үзэх тууштай чанар А.Мөнхбатад алга.

Хийсэн ажлынх нь үр дүн ийм байхад тэр дахиад л үсчиж явна. Дугуйтай утаагүй Улаанбаатар, спиртлэг биш спортлог Улаанбаатар гэсэн хэдэн өгүүлбэр барьчихаад улсын төсөв тусгуулахаар хөөцөлдөх.

Санаа нь уг нь сайхан. Даанч ямар арга хэлбэрээр, яаж хийх нь тодорхойгүй. Дахиад л шоу болж, татвар төлөгчдийн мөнгийг шал дэмий үрээд дуусах вий гэж болгоомжлох. Ямар ч үр дүнгүй үсчээд байхаар А.Мөнхбатад итгэх итгэл буураад байна шүү дээ. Залуу хүн алсыг хараатай хөдөлж, тууштай байвал зүгээрсэн.

Б.Сандагдорж

logozal

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …