Калифорнийн их сургуулийн эрдэмтэд согтолт, шарталтаас хамгаалах эм бүтээж байна. Тэд 15-20 шил пивотой тэнцэх хэмжээний спиртийн төрлийн ундааг хулгануудад 2 цагийн дотор уулгаж туршсан байна. Ердийн нөхцөлд хулганууд согтож, хөдөлгөөн нь эрс удаашран эцэстээ “тас үсэрч” байсан бол согтолтоос хамгаалах шинэ төрлийн бэлдмэлийг уулгасан хулгана бараг согтоогүйгээр барахгүй 15 минутын дотор эрүүлжиж байжээ.
Хулганы бие спиртийн төрлийн ундаанд хүний биетэй төстэй байдлаар хариу үйлдэл үзүүлдэг байна. Мөн шинэ бэлдмэл хулганы “уух хүсэл”-ийг дарж байгаа нь ажиглагджээ. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаанд донтогчдын эмчилгээний зорилгоор ашиглагдах магадлалтай гэсэн үг юм. DHM (dihydromyricetin) хэмээн нэрлэгдэх уг бэлдмэлийг 659 оноос эртний хятадад шар тайлах зорилгоор хэрэглэгдэж байсан эмийн ургамлуудын нэг болох Hovenia Dulcis модноос гаргаж авчээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар уг бэлдмэл нь тархины мэдрэлийн системийг согтолтын нөлөөнд орохоос хамгаалдаг байна. Одоогоор хэрэглэгдэж буй согтолтоос хамгаалах бусад эмүүд адил төрлийн нөлөө үзүүлдэг боловч ядарч сульдах, толгой эргэхээс авахуулаад хий юм харах зэргээр тархины хэвийн ажиллагааг алдагдуулах сөрөг нөлөөтэй байдаг байна.
Neuroscience сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судлаач Jing Liang DHM бэлдмэлийг уусан хүн согтох шартахаас найдвартай хамгаалагдана гэжээ. Одоогоор уг бэлдмэлийн хүнд тохирох хувилбарыг бүтээхээр ажиллаж байна. Дашрамд хэлэхэд ихэнх хүмүүс согтууруулах ундааг согтох, шартах зорилгоор л хэрэглэдэг. Зориуд эмээр даруулж согтолт, шарталтгүйгээр цэнгэх дээрээ тулах юм бол анхнаасаа (ихэнх тохиолдолд) уухын хэрэг юу болох билээ.