Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.27/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хорионы ач холбогдол нь юу вэ?
Хөл хорио тогтоосноор эмнэлгийн тусламжийн хэвийн үйл ажиллагааг хангана. Хариу арга хэмжээний нөөц, чадавхаа тооцож бүрдүүлнэ.
Энэ хугацаагаа ашиглаад дараагийн давлагаандаа бэлдэх, хөл хорионы дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг тооцооллоо хийнэ.
Дархлаажуулалт эхэлсэн ч халдварын тархалт өндөр байгаа нь вакцин хийлгэсэн хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.4 хувь нь халдвар авсан байна. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүсийг дахин халдварт өртүүлэхгүй байх ач холбогдолтой.
Вакцинжуулалт эрчимжсэн үед вирусийн мутаци үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс бид тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байна. Аймаг орон нутаг руу халдвар тарахаас хөл хорио сэргийлнэ. Хөдөө орон нутагт халдвар тархвал маш хүнд нөхцөл байдал үүснэ.
Хөл хориог цуцлахдаа ямар үе шаттай сулруулах вэ гэдэг тооцоо, судалгаа хийгээд төлөвлөөд явж байна.
Өдөрт бүртгэгдэж байгаа халдвар, нас баралт буурсан, вакцинжуулалт нэмэгдсэн байх ёстой. Хязгаарлалтын дэглэмийг цуцалсны дараа дараачийн давлагаа гаргах эрсдэлтэй байдаг. Тиймээс үе шаттайгаар хязгаарлалтыг бууруулна.
Хөл хорио тогтоосноор тохиолдлын тоо харьцангуй тогтвортой болж байна. Энэ үр дүнгээ хадгалахад бидэнд хугацаа хэрэгтэй.
-Цаашдаа халдварын тоо буурах уу?
-Хөл хорио тогтоогоогүй бол тохиолдлын тоо 2000 болон түүнээс дээш байх байсан. Хөл хорио тогтоосноор бид энэ тоогоо барьж байна. Бидний хийсэн тооцооллоор хөл хорионы хугацаа уртсах тусам тохиолдлын тоо багасна.
-Нас барж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь гэртээ нас барж байгаа вэ?
-Яг ямар шалтгаан, хүндрэлээр нас барж байна вэ гэсэн судалгааг хийгээд явж байна. Энэ долоо хоногт эхний үр дүн гарна. 61 нас баралт байхад 27 хувь нь эмнэлэгт ирээд удаагүй байхдаа, 11 хүн гэртээ нас барсан байсан. Сүүлийн өдрүүдэд гэрийн нас баралт бүртгэгдээгүй байгаа.