Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрахтай ярилцлаа.
-Та Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр их баяртай байна. Энэ салбарын бүхий л шатанд ажилласан 30 гаруй жилийн ажил, хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, энэ шагналыг өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарын эмч, удирдагч хүний хувьд амжилт бүхэн хамт олонтой нь холбоотой байдаг. Нэг хүн дангаараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд хамтран ажиллаж байсан бүх хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
– Эмч, сувилагч гэх мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Би эмч мэргэжил эзэмшсэн гэдгээрээ үнэхээр их бахархдаг. Анх эмчийн тангараг өргөсөн үеэсээ өөрийнхөө төрөлх сум болох Өвөрхангай аймгийн Уянга суманд очиж 10 гаруй жил ажилласан. Сумандаа эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр, сумын эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Дараа нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж байсан. Одоо Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын бүхий л шатанд ажиллаж үзлээ. Энэ хугацаанд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд хамт олонтойгоо хамт хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэмцэж, тэр хэмжээгээрээ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Эмч хүний гол баяр баясал бол өвчтөн эдгэрээд, сэтгэлийн сайхан үгийг нь сонсоод байж байх л хамгийн том аз жаргал.
-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ үед хамгийн их ядарч, галын шугаманд тэмцэж байгаа хүмүүс бол та бүхэн.
-Энэ цар тахал дэлхий нийтийг цочроосон, 220 гаруй улс оронд тархсан маш өндөр халдварлуулах чадвартай цар тахал. Дэлхий улс орон бүхэн өөрсдийн хүч бололцоогоор ажиллаж байна. Бид дотооддоо халдвар алдалгүйгээр 10 гаруй сар ажилласан. Миний удирдан ажиллаж байгаа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Яагаад гэвэл цар тахалтай байгаа голомтод бүс нутгаас орж ирж байгаа 28 мянга гаруй иргэдэд манай хамт олон анхны тусламж, үйлчилгээ үзүүлж, пасспорт бичиг баримтаас эхлээд ачаа бараа бүхий л зүйлийг нь халдваргүйжүүлж ажилласан байна. Хэрвээ энэ хугацаанд ажлын хариуцлага алдсан бол өнгөрсөн оны 10 сараас өмнө Монгол оронд цар тахал эд материалаар дамжин хүн амын дунд тархах эрсдэлтэй байлаа. Үүнээс манай хамт олон бүрэн хамгаалж ажилласан. Мөн лабораторийн оношилгоо хийж, одоогийн байдлаар 600 гаруй мянган сорьцод шинжилгээ хийсэн байна. Явуулын хоёр авто лабораториор 10-аад аймагт очиж, голомтыг илрүүлэх, таслан зогсоох, оношилгоо эмчилгээ хийх, хариу арга хэмжээг цаг алдалгүй хугацаанд нь эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Бүхий л байгууллагын хамтын үйл ажиллагаа, бодлогын үр дүнд цар тахлыг зарим улс орных шиг түвшинд хүргэлгүй ажилласан нь халдвартай бүсэд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн гавьяа. Цаашид халдварын тархалтыг таслан зогсооход бүх хүчээ дайчлан ажиллах болно. Ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбар барьц алдахгүй байх гэж бодож байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.