“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан эх дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэх ариун үйл хэрэгт гар бие оролцож, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цагдаагийн бие даасан цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн ерөнхий газрын бичээч, цагдаагийн ахлагч П.Баянзултай ярилцлаа.
Танд “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэхийн зэрэгцээ үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе. Та тухайн газар оронд ямар албан тушаал хашиж байв?
Баярлалаа. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн хурандаа Ц.Батчулуун, цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэхишиг нарын хамтаар 2019-2021 онуудад үүрэг гүйцэтгэлээ. Би Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Жуба хот дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын цагдаагийн албанд цагдаагийн зөвлөх, хүний нөөц, захиргааны ажилтан, “COSMOS” систем хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн төв штабт Өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон 1 жил 11 сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирээд байна.
Дөрвөн өөр албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн байна. Ийм боломжтой байдаг уу?
Бид хичээвэл цагдаагийн байгууллагад өөрсдийн хуримтлуулсан туршлагын үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтад өрсөлдөж ажлын байраа өөрчлөх боломж үргэлж байдаг.
Цагдаагийн байгууллага 2006 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний багт орж үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Цагдаагийн бие даасан зөвлөхөөр хэзээнээс эхлэн үүрэг гүйцэтгэж байна вэ?
Цагдаагийн алба хаагчид 2006 оноос Сьерра Леон, Чад, Афганистан, Ирак, БНӨСУ улсууд дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж эхлээд одоогоор нийт 400 гаруй алба хаагч оролцоод байна. Харин цагдаагийн байгууллага 2016 оноос эхлэн бие даасан цагдаагийн зөвлөх албан тушаалд алба хаагчдыг илгээн үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар 18 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн бол нэг алба хаагч БНӨСУ, Судан улсын дундын бүс Абей мужид үүрэг гүйцэтгэж байна.
Бие даасан цагдаагийн зөвлөхийн үүрэг нь цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсох, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд НҮБ-ын мандатад заасан “Дотоодын дүрвэгсдийн хуаран, энгийн иргэдийг хамгаалах”, “Хүний эрхийн байдалд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах, “Хүмүүнлэгийн тусламж хүргэх таатай орчин бүрдүүлэх”, “Энх тайвны гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зэрэг дөрвөн үндсэн чиг үүрэг /мандат/-ийг хэрэгжүүлж ажилладаг.
Өмнө та цэргийн баг гэж дурдсан. Үүнээс гадна “Цагдаагийн баг”-ийн үйл ажиллагаа явуулдаг уу? Үйл ажиллагаа нь юугаараа ялгаатай вэ?
Цэргийн баг нь гал зогсоох, гэрээний биелэлтэд хяналт тавих, мөргөлдөгч талуудыг тусгаарлах, зэвсэг хураах, зэвсэгт мөргөлдөөний хор уршгийг арилгах, инженерийн болон бүтээн байгуулалтын бусад ажил гүйцэтгэх, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аюулгүй байдлыг хангах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг.
Цагдаагийн багийн хувьд цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг болох нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, мөн НҮБ-ын ажилтан алба хаагч, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй.
UNMISS ажиллагаанд хэдэн улсын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна вэ?
Бид НҮБ-ын БНӨСУ дахь цагдаагийн албаны нийт 45 орны 490 гаруй алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан.
Олон орны цагдаагийн алба хаагч нартай мөр зэрэгцэн ажиллахад тэднээс суралцах зүйл их байх?
Тийм шүү. НҮБ-ын цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг бөгөөд олон орны цагдаагийн алба хаагч нартай өдөр тутам ажиллахад тэднээс суралцах, туршлага судлах зүйл бишгүй их. Мэргэжлийн хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр. Хүн ер нь өдөр бүр суралцаж, шинийг эрэлхийлэгч байх хэрэгтэй гэж боддог. Энэ дашрамд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж олгосон цагдаагийн байгууллагын удирдлага, хамт олон, гэр бүлийнхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
Үүрэг гүйцэтгэсэн газар, орны цаг үеийн нөхцөл байдал хэр байсан бэ?
Үүрэг гүйцэтгэсэн газар орон маань Экваторын бүсэд байрладаг. Хуурай болон борооны 2 улиралтай, маш халуун, хүн ам нь нийтдээ 64 омгоос бүрддэг, эдгээр омгууд нь бүгд тус тусын хэл, соёл, ёс заншилтай. Биднийг үүрэг гүйцэтгэж байх үед олонх омог болох Динка болон Нуер омгуудын хоорондох засгийн эрхийн төлөөх тэмцлээс үүдэлтэй омог хоорондын хүчтэй тэмцэл, сөргөлдөөн бүхий хурцадмал байдалтай байсан төдийгүй орон нутаг, мужуудад босогчид, зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд хууль бус үйл ажиллагаа явуулах, хүний амь нас хохироох, хоморголон устгах, тосгодыг галдан шатаах, хүн хулгайлах, барьцаалах, эд хөрөнгөд нь халдах, хүчирхийлэл үйлдэх, дээрэм тонуул хийх зэргээр гэмт хэрэг, зөрчил тасралтгүй үйлдэгддэг байсан.
UNMISS үйл ажиллагаанд цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн чиг үүргээр оролцсон анхны алба хаагч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
Ажиллагааны газар оронд намайг цагдаагийн ахлагч П.Баянзул гэдэг хувь хүнээр биш “Монголын цагдаа” гэж л харна. Тиймээс эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллаж байсан. Би, бид хэрхэн ажиллана төдий чинээ дараагийн алба хаагчдад боломж гарах учиртай. Алба хаагч бүрд алдах эрх байхгүй, маш хариуцлагатай байх ёстой. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирэхэд өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрсөн.
Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхэд тавигдах хамгийн том шалгуур юу вэ?
НҮБ-ын цагдаагийн байгууллагад ажиллана гэдэг өөрөө нэр хүндийн хэрэг. Энэхүү босго өндөр байгууллагад ажиллах хамгийн том шалгуур үзүүлэлт бол гадаад хэл юм. Тухайлбал би 2016, 2018 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцох зорилгоор 2 удаа шалгалт өгч байж тэнцсэн.
НҮБ-ын SAAT буюу “Сонгон шалгаруулалтын баг”-аас гурван төрлийн шалгалт авдаг. Үүнд: Англи хэл /80 %/, жолоодлого /10%/, галт зэвсэг хэрэглэх ур чадвар /10%/-ын шалгалт өгч тэнцсэнээр цагдаагийн байгууллагаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх нээлттэй болдог. Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан 25-52 насны алба хаагчид дээрх ажиллагаанд оролцох боломжтой. Дашрамд дурдахад дараагийн ээлжид энхийг дэмжих бие даасан цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх алба хаагчид тун удахгүй БНӨСУ-ыг зорих тул цагдаагийн байгууллагын зүгээс “Сонгон шалгаруулалтын баг”-ийг дахин урьж ирүүлэх учраас та бүхэн энэхүү шалгалтад идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна.
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхийг их хүсдэг. Та алба хаагч нартаа хандаж юу гэж хэлмээр байна вэ? Мөн Англи хэлийг хэрхэн эзэмшсэн талаар?
Миний хувьд англи хэл эзэмшсэн гэж хэлэхэд арай эрт байна. Би суралцсаар л явна. Алба хаагчдадаа хандаж хэлэхэд өөрийгөө дайчилж, хичээл зүтгэлтэй байхад хүн хүссэн амжилтандаа хүрнэ. Хамгийн чухал нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, суралцаж байх хэрэгтэй.Гадаад хэл сурна гэдэг нэг сар, хоёр сар давтаад л сурчихдаг зүйл биш шүү дээ. Богино хугацаагаар өдөр бүр давт, өдөр бүр суралцаарай гэж хэлмээр байна.
Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна. Та мэндчилгээ дэвшүүлнэ үү.
Эх орны нэрээ эгнэгт өргөж яваа энхийн үйлстэй цэнхэр дуулгатнууд та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд хүргэе. Дэлхийн энх тайвны төлөө тив алгасан эгнэшгүй их амар амгаланг сахиулж яваа цэнхэр дуулгатай цэрэг, цагдаагийн бүх алба хаагчдад баярын мэндийг дахин дахин хүргэж байна.
Мөн Монголын цагдаа гэх өргөө их айлын гишүүн болсон нийт алба хаагч та бүхэндээ цагдаагийн байгууллагын яруу алдарт 100 жилийн түүхт ойн мэндийг дэвшүүлье.
Ярилцсандаа баярлалаа. Таны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.