Гадаад валютын зах зээлийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Гадаад валютын зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхөөс ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Сүүлийн саруудад зах зээлийн хүлээлт тогтвортой байсны дээр экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрэлтийн өөрчлөлтийг даган гадаад валютын орох урсгал сайжирсан нь төгрөгийн ханш тогтвортой байхад голлон нөлөөлж байна. Тодруулбал, 2021 оны эхний 5 сарын байдлаар гадаад валютын цэвэр орох урсгал өмнөх 5 жилийн дунджаас 450 сая орчим ам.доллараар их байна. Мөн үүнээс гадна Монголбанк Ковид 19-ийн хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байж оны эхнээс 0.04%-аар чангараад байна.
-Та гадаад валютын орох урсгал сайжирч байна гэлээ. Чухам ямар хүчин зүйлс үүнд нөлөөлөв. Та энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?
-Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хурдацтай хийгдэж, томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Манай Улсын экспортын гол бүрэлдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2021 онд 10-аас дээш хувиар өсөөд байна. Тухайлбал, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зэсний үнэ 28%-аар, нүүрсний үнэ 11%-аар, төмрийн хүдэр 14%-аар өслөө.
Зураг1. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ*
*-Түүхий эдийн 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн үнийг суурь болгож индексжүүлсэн
Мөн үнийн өсөлтөөс гадна экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 82 хувиар сайжирснаар 2021 оны эхний 4 сарын байдлаар зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бүтээгдэхүүний орлого өмнөх оноос өсөж, гадаад худалдааны тэнцэл 535.0 сая ам.долларын ашигтай гарлаа. Ийнхүү түүхий эдийн үнэ болон экспортын хэмжээний өсөлт нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна.
-Тэгэхээр цаашдаа төлбөрийн тэнцлийн ашигтай гарна гэсэн үг үү. Төлөв ямар байна вэ?
-Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2020 оны 4 дүгээр улиралд 1,259 сая ам.долларын ашигтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1071 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт болсон. Улмаар жилийн дүнгээр төлбөрийн тэнцэл 2020 онд 787 сая ам.долларын ашигтай гарлаа. Харин 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 170 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд 2021 оны эцэст төлбөрийн тэнцэл 580 орчим сая ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байна.
Эх сурвалж: Монголбанк
Түүнчлэн Засгийн газраас 2020 оны 10 дугаар сард 600 сая ам.долларын бондыг 5.1 хувь буюу харьцангуй бага хүүтэйгээр олон улсын зах зээлд шинээр гаргаж ойрын хугацаанд хүлээгдэж буй Мазаалай, Чингис бондуудын эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр болсон бөгөөд 2021 оны 4 дүгээр сард Мазаалай бондын төлбөрийг амжилттай төлж дуусгасан. Энэ нь Монгол Улсын богино хугацааны өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын дотоодын захад эерэгээр нөлөөлөхөөс гадна, олон улсын үнэлгээний байгууллагууд болон хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулж байна. Үүний нэг тод жишээ бол Фитч агентлаг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” хэвээр үлдээж, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлж буйгаа зарласан явдал юм.
-Төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа тул гадаад валютын албан нөөц нэмэгдэх хүчин зүйл болж байна уу. Гадаад валютын албан нөөц хэр хангалттай түвшинд хүрсэн гэж үзэж байна?
-Гадаад валютын албан нөөц 2021 оны 4 дүгээр сарын байдлаар түүхэн дээд хэмжээнд буюу 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Ийнхүү гадаад валютын албан нөөц нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь эерэгээр нөлөөлөхөөс гадна Монголбанкны үнэт металл худалдан авалт чухал нөлөө үзүүлж байна. Монголбанк сүүлийн 5 жилд нийт 100.0 гаруй тонн үнэт металл худалдан авсан бөгөөд 2020 онд түүхэн дээд хэмжээнд буюу 23.6 тонн үнэт металл худалдан авсан. Харин 2021 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Ингэснээр гадаад валютын албан нөөц нэмэгдэж улмаар олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
-Цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ямар байх төлөвтэй байна вэ?
-Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдгийн хувьд ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Голдман сакс зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд, мэргэжлийн шинжээчид цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлсэн талаар мэдэгдэж байна. Мөн томоохон хөрөнгө оруулагчид эрсдэлээ тархаах зорилгоор их хэмжээний таваарын гэрээ хэлцэл байгуулж байгаа зэрэг нь Монгол улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байна.
Түүнчлэн, манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна.
Эдгээрээс дүгнэхэд төгрөгийн ам.доллартой харьцах ханш цаашид тогтвортой байх төлөвтэй байна. Оны эхнээс төгрөгийн ханш бага зэрэг чангарсан үзүүлэлттэй байгаа. Цаашид дотоод болон гадаад орчны эерэг өөрчлөлтүүд хэвээр хадгалагдсан тохиолдолд төгрөгийн ханш үргэлжлэн чангарах ч боломжтой юм.
-Цаг заваа зориулан мэдээлэл өгсөн Танд баярлалаа.