Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өршөөл үзүүлэх хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна. Ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас хохируулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа.
FATF буюу Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, FATF-ийн өмнө Монголын Засгийн газраас амласан амлалтуудын хүрээнд энэ Өршөөлийн хууль гарсан. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор нь хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.
Хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах гэмт хэрэг, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотолгоо хуурамчаар бүрдүүлэх, устгах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийг хууль бусаар худалдаалах, зуучлах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
Мөн өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 нэр төрлийн хүндрүүлэх төрлийн гэмт хэргийг өршөөл хамруулаагүй.
Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн Өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар болсон. Мөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6-р зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулаагүй.
Өршөөлд хамааруулаагүй бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартай байхыг шаардаж байгаа.
Энэ удаагийн Өршөөлийн хуульд дараах гурван төрлийн агуулгаар өршөөлд хамрагдана.
Нэгд, Өршөөл хамруулахаар тусгасан Эрүүгийн хуульд тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлж, хууль үйлчилж эхэлсэн долдугаар сарын 6-ны өдрөөс ялаас чөлөөлж өршөөнө. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсээс 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийтдээ 160 хоригдол шууд суллагдана.
Хоёрт, тодорхой төрлийн өршөөлд хамруулах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь хоёр жилийг өршөөн хэлтрүүлэхээр болсон. Эдэлж буй ялаас нь хоёр жил хасагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй өсвөр насны нэг гээд нийт 184 хоригдолд хамаарна. Нийт суллагдах ялтны тоо 344 болж байна. Хоёр жил хасагдаж байгаа ч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй ялтан 348, эмэгтэй 17 гээд нийт 365 ялтан байна.
Гуравт, тодорхой төрлийн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгасан. Энэ хүн бүрийг шоронжуулан хорихоос илүүтэйгээр тухайн хүн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох эрхээ эдлэх, гэр бүлдээ байх, тэднийгээ тэжээн тэтгэх тэр боломжийг төрөөс олгож, зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим бугуйвчийг зүүлгэж хянана. Энэ өршөөлд эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны гурав. Нийт 1130 хоригдол хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэж байна”гэлээ.