“Хөрш заан” хотхоны оршин суугч: Мөнгөтэй, хүчтэй эрх мэдэлтнүүд биднийг дээрэлхээд байгаа

      Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах “Хөрш заан” хотхоны нэгэн оршин суугчтай уулзаж ярилцлаа. Тэрээр “Би нэр усаа та нарт хэлж болно. Харин битгий бичээрэй” гэж аминчлан захисны эцэст бидний ярилцлага эхэллээ.  

           -Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны бидэнд хандах болсны шалтгаан юу билээ?   

-Сайн байна уу? Цаг зав гарган, биднийг сонсож байгаад баярлалаа. Үнэндээ хүчтэй, мөнгөтэй эрх мэдэлтнүүдэд дээрэлхүүлээд байгаа юм шиг мэдрэмж бидэнд төрөөд, амьдралд маань тулаад байгаа асуудлыг хүмүүс мэдээсэй гэсэндээ та бүхэнд хандсан юм аа. Миний амьдардаг “Хөрш заан” хотхон нь Хан-Уул дүүргийн 20-р хороонд оршдог. Хотхонд маань 20 байрны 20 мянга орчим оршин суугч бий. Бид ердийн өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг орж байхад өглөө, оройдоо бараг л нэг цаг хотхоныхоо эргэн тойронд бөглөрч байж, төв зам руугаа ордог. Хот төлөвлөлтийнхөн энэ асуудлыг шийдэж өгөхийн оронд зам барьсан газартаа орон сууц барих зөвшөөрөл олгоод. Одоо тэр компани нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө барьсан замыг нураагаад, байшин барих нүхээ ухаад эхэлсэн байгаа юм.

 Уул нь энд өмнө нь барьсан замыг үргэлжлүүлээд, манай хашааг нураан зай гаргаж, хойшоо гардаг замтай шинэ дүр төрхөөр холбох гэж байсан юм. Тэгээд энэ хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг барина гэж байснаа гэнэт л нэг өдөр хашаа тойруулаад хийгээд эхэлсэн. Сая наадмаар шөнө дунд машин тэргээ авчраад нүх ухаж, барилгын ажлаа эхэлчхэж.                                          

   -Ямар компани яагаад барилгын ажил эхлүүлээд байгаа юм бол?                         

          -“Нью Бурвери” гэдэг компанийн хүмүүс “Танай байрны хажуугийн энэ газрыг манай компани 2009 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан. Бид нар 300 айлын дөрвөн ширхэг орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа” гэж бидэнд хэлсэн. Энэ хэсэгт их олон барилга байшинтай шүү дээ. Хүүхдүүд нь явах сургууль цэцэрлэггүй, тоглох талбайгүй, орох гарах замгүй газар яагаад нэмж орон сууц барих зөвшөөрөл олгосныг олгохгүй байна. Улаанбаатарт барилга барих өөр зөндөө л газар байгаа шүү дээ. Ядаж утаанаасаа салж, гэр хорооллуудаа орон сууцжуулъя л даа.

“Нью Буүрвиери”-гийнхэн “Энд улс цэцэрлэг барьж өгнө” гэж бид нар хэлсэн л дээ. Гэхдээ манай оршин суугчид итгэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр өмнө нь энэ хавьд орон сууц барих зөвшөөрөл аваад байшин барихаар ирсэн компанийн удирдлага болгон тэгж хэлээд, оронд нь орон сууц барьсан. Тухайлбал “Зайсан апартамент” байна. Байрныхаа нэгдүгээр давхарт өрөө гаргаж өгснөө цэцэрлэг барьсан гээд байгаа байхгүй юу, энэ хүмүүс. Цэцэрлэг барихад зориулсан хэмжээ байдаг юм байна, хуулиараа. Тэд нарын яриад байгаа талбай нь яагаад ч тэр хэмжээнд хүрэхгүй ээ.

-Танай байрныхан мэдээж эсэргүүцэх нь тодорхой…          

     -Манай энэ 20-р хороонд хүүхдүүд хөөцөлдөөд тоглох талбай, сагсан бөмбөгийн шийд ч байхгүй. Энэ хэсэг бол Хан-Уул дүүргийн эко хэсэг л дээ. Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр Туул голын хөвөөнд ийм олон барилга, орон сууц барих нь экологийн тэнцвэрт байдлыг улам үгүй болгоно. Энэ нь ганцхан манай байрныхны асуудал биш юм аа. Энэ бол 1,5 сая хүн амьдардаг Улаанбаатар хотын асуудал. Яагаад барилгын компаниуд мөнгө олохын тулд Туул голын хажууд байшин бариад, дээр нь нэмж бохирдуулаад байгаа юм бэ?!

Улаанбаатарчууд Туул голынхоо хөвөөн дээр ирж, чөлөөт цагаа өнгөрөөдөг шүү дээ.                

                         

      -Хэзээнээс газар ухаж эхлэв?                                                 

-Наадмын амралт эхэлсэн долдугаар сарын 10-ны шөнөөс эхлээд ухсан. Тэд нар зориудаар амралтын өдрүүдийг тааруулж тохируулсан л даа.                       

   -Энэ ажлыг хариуцаж буй хүмүүстэй нь уулзав уу?               

 -Бид долдугаар сарын 7-ны өглөө “Нью Бурвери” компанийн хоёр залуутай уулзсан. Тэд “Бид энэ газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан. Тиймээс энд юу барих нь бидний дур. Эргэн тойрныхоо оршин суугчдад танилцуулах ёстой болохоороо л танилцуулж байгаа юм. Бид “Мишээл”-ээс ирсэн замыг үргэлжлүүлж Туул эргийн дагуу явуулаад “UB town”-ы замтай нийлүүлнэ” гэсэн. Манай энэ хавийн оршин суугчид болон тэдний хүүхдүүд голын эргийн дагуу хүүхдээ салхилуулж, хүүхдүүд дугуй унадаг талбайн хажуугаар зам бариулах нь хүүхдүүдэд аюултай гэж үзэж байна.

-Ер нь хэдэн айлын эрх ашиг хөндөгдөөд байна вэ?               

      -Хамгийн багадаа Зайсангаас Яармаг хүртэл Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 18, 19, 20-р хорооны иргэдэд цаашлаад Улаанбаатарт амьдарч буй хүн бүхэнд хамааралтай зүйл энд яригдаад байгаа юм.   

           -Та бүхэн яаж тэмцэж байна вэ?                                                     

   -Бид гарын үсэг цуглуулаад хотын дарга Сумъяабазар, Хан-Уул дүүргийн засаг дарга Алдаржавхланд, Мэргэжлийн хяналт, Хот зохион байгуулалтад өргөдөл өгөөд байна, одоогоор.Ер нь бол өргөдөл өгч болох бүх л газар өгч байгаа.                

-Компанийн захирал нь хэн гэдэг хүн байна вэ?                  

-“Нью Бурвери” ХХК-ийн захирал нь Баясгалан гэдэг хүн байна билээ. Дахин хэлэхэд за яах вэ, барилга байшин, орон сууц барих нь дүүрч гэж бодъё. Гэхдээ Хатан Туул голыг маань Сэлбэ голыг ширгээсэн шигээ ширгээлээ шүү дээ. Би Сэлбэ голын эрэг дээр тоглож өссөн. Сэлбэ гол маань одоо юу ч үгүй ширгэсэн байна билээ.                 

 -Та бүхэн барилга бариулахгүйн төлөө тэмцээд байгаа юм уу? Эсвэл Туул голын төлөө юу?                         

-Хан-Уул дүүргийн засаг дарга Алдаржавхлан хүрч ирээд “Энд дахиж барилга бариулахгүй ээ. Хүүхдүүддээ тоглох талбай, явах цэцэрлэг гаргаж өгнө” гэж хэлсэн гэсэн. “Хөрш заан” хотхоны оршин суугч бидний тэмцэл бол барилга барихын эсрэг, Туул голоо аврахын төлөө, улаанбаатарчуудынхаа ундны ус, эрүүл мэндийн төлөө тэмцэл шүү. Дэлхийн бусад улс оронд ийм гол устай газраа хамгаалж барилга байшин, орон сууц бариулдаггүй юм билээ.      

            -Та нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж үзэв үү?                                                        

-Долдугаар сарын 20-ны мягмар гарагт НИТХ-ын гишүүн Жагар ирсэн. Тэр хүн л бидний төлөө дугарч өгч байгаа. Харин Папарацци.мн сайтынхан тэр үед ирсэн байсан л даа. Бид тэднийг нөгөө талд худалдагдчихсан гэж хардаад байгаа. Учир нь тэд Хөрш Зааныхан цэцэрлэг барьж өгөх гээд байхад эсэргүүцээд байгаа гэсэн утгатай юм ярьсан.       

             

   -“Нью Бурвери”-гийн захирал Баясгалантай уулзсан уу?           

-Долдугаар сарын 20-нд манай эндхийнхэн цугларахад тэр хүн ирсэн. “Бид нар энд орц, гарц барих гэж байгаа юм аа. Бид бас адилхан амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүс. Нэг байшин барьчихъя л гэж бодож байна. Ковид гээд хамаг бизнес хэцүүдлээ. Одоо л нэг ажилчдаа ажилтай байлгах гээд байна шүү дээ” гэж байна билээ. Бид тэр залууг ойлгож байгаа ч Туул голын хажууд байшин нэмж бариулж болохгүй. Энэ бол экологийн том асуудал үүсгэнэ шүү. Туул голын эргийг дагаад олон барилга байшин, орон сууц бий. 

Ер нь улс “Нью Бурвери”-гийнхний хохирлыг барагдуулаад, байшин барих зохистой өөр газар өгөх ёстой.                                                

    -Тэдэнд байшин барилга барих зөвшөөрөл бий юу?           

-“Нью Бурвери”-гийнхэн болохоор “2009 онд авсан газар. Хөрөнгө мөнгөний боломжгүй болоод байшин барьж чадалгүй өнөөдрийг хүрлээ” гээд байгаа юм. Гэтэл Бат-Үүл гуай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа 2013 оны есдүгээр сарын 23-нд газар эзэмших эрхийг нь цагаан цаасан дээр хараар хүчингүй болгосон юм билээ. Энэ компанийнхан өнгөрсөн нэгдүгээр сард буцаагаад хүчинтэй болгуулчихсан юм уу бүү мэд.                                        

   -Та нарын шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр юу вэ?    

-Манай эндхийн хэдэн эгч гадаа нь майхан бариад хэвтэнэ гэсэн шүү. Тэд үр хүүхдийнхээ төлөө хэвтэнэ ээ гээд л байгаа.                               

  Ярилцсан Ш.Эрдэнэтөр

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

П.Цагаан: Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж туслах үүрэгтэй арын алба, “гал тогоо” юм даа

П.Цагаан: Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж туслах үүрэгтэй арын алба, “гал тогоо” …