Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа.
Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ.
Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов.
Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа билээ.
Монголын ард түмнээ баярлуулсан Ц.Цогтбаатартаа халуун баяр хүргэе!