“Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг өчигдөр /2021.08.03/ хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ.
Уг нь манай хүн эхний оноог авч, барилдааныг тун давгүй эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул урагш давшиж, хөлд нь орох гээд дутуудан цэвэр даруулчихав. Ингэснээр С.Батцэцэг олимпоо тун харамсалтай өндөрлүүлж, харин Кыргызстан улс энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.
Хэдийгээр С.Батцэцэг медаль хүртэж чадаагүй ч хоёр ч олимпын наадамд медалийн төлөө барилдсан нь яах аргагүй том амжилт байлаа.
Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг барилдааны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчид сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр “Цар тахлын улмаас тэмцээнд бага орсон. Олимпын өмнө ганцхан тэмцээнд орсон, мэдрэмж жаахан муу байлаа. Нигерийн бөх илүү бяртай байсан. Дөхөж очиж чадалгүй л барилдаанаа дуусгасан. Харин Киргизийн бөх дээр ингэж хийе гээд санаа дотор байвч болсонгүй.Дасгалжуулагчдын хувьд чин сэтгэлээсээ тамирчдынхаа төлөө ажиллаж байгаа. Бүх багш, дасгалжуулагчдадаа баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсанд харамсч байна. Цай сүүнийхээ дээжийг өргөж үргэлж ард минь байсан Монголын ард түмэндээ баярлалаа” гэлээ.