Ажлын хэсэгт БШУЯ, ЭМЯ, ХАХНХЯ-ны төлөөлөл, МУБИС-ийн доктор багш болон тусгай сургууль, цэцэрлэгийн согог зүйч нар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар, төрийн бус байгууллагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг холбоо, Дауны холбооны төлөөллүүд оролцон ажиллаж байна.
JICA олон улсын байгууллага Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, тэдэнд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаарх асуудлаар 2013 оны 11 дүгээр сарын 12-оос 12 дугаар сарын 10-ны хооронд 1 сарын хугацаатай судалгааны ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх журам, стандарт, аргачлал боловсруулах ажлын хэсэг”-ийн гишүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, түүний бүтэц, үүрэг, ажиллах журам, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын цогц хөтөлбөр боловсруулах аргачлалын талаар JICA олон улсын байгууллага ажлын хэсгийн гишүүдээс холбогдох мэдээллийг авахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар гишүүд танилцууллаа.
JICA олон улсын байгууллагын судалгааны ажил ирэх 12 дугаар сарын 10 нд дуусах бөгөөд судалгааны үр дүнг холбогдох газруудын төлөөлөлд танилцуулах юм.