Коронавирусын халдварын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед ковидоор өвчилсөн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, гэрээр тусгаарлагдаж өөрсдийгөө эмчлэх эм тариа, хоол хүнсний хангамжийн дутагдалтай, гэр бүлээрээ ковидоор өвчилснөөс эдийн засгийн боломжгүй болж өөрсдийгөө эмчилж чадахгүй байгаа эмзэг бүлгийн айл өрх тэр дундаа өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Эрүүл энхийн түүчээ” ТББ нь Хүүхдийн элч дуучин С.Гантогоотой хамтран “Бид бүгд туслах ямар нэгэн зүйлийг хийж чадна” уриан дор улсын хэмжээнд “УЛААН БҮС” хүмүүнлэгийн аяны төслийг хэрэгжүүлсээр байгаа билээ.
Тус аяныг 2021 оны долдугаар сарын 05-ны өдрөөс албан ёсоор эхлэн 2021 оны есдүгээр сарын 09-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуй нэгжийн тусламжтайгаар ковид туссан эмзэг бүлгийн иргэддээ дүүргийн өрхийн эмнэлэг, хороодуудтай хамтран тусламжийн гараа сунган үргэлжилсээр хоёр сарын хугацаанд 1200 гаруй зорилтот бүлгийн иргэдэд тусламж хүргээд байна.
Монголчуудад сайхан сэтгэлтэй маш олон хүн байдгийг аянд нэгдэж буй иргэд, аж ахуй нэгжийн тусламжаас харж, улс оронд минь тулгарч буй энэ цар тахлыг даван туулахын тулд бүгд хамтдаа хичээвэл тодорхой үр дүнд хүрч чадахыг бодитоор туулж мэдэрч яваа тэд аянд нэгдэж буй уран бүтээлчдийг оролцуулж, телевизүүдтэй хамтран Улаан бүс аяны тайлан лайв хандивын тоглолтыг хийхээр төлөвлөн ажилласнаар тоглолт энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ.
Тус тоглолтоос цугларсан сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн өглөгөөр дахин ковидын эмчилгээний багц бэлтгэн эм тариагаа авч чадахгүй байгаа зорилтот иргэддээ тарааж энэ удаагийн хүмүүнлэгийн аянаа өндөрлүүлэх юм.