-Энэ өвөл зам даваа нээж онгойлгоход Засгийн газраас 421,6 сая зарцуулна-
Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр аймгуудын засаг дарга нартай холбогдон аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ чиглэлээр видео хурал зохион байгууллаа. Видео хурлын үеэр орон нутгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг сонсч, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тус хуралд Улсын Онцгой комиссын ажлын алба, ОБЕГ, ҮХААЯ, ЭХЯ, ЭМЯ, ЦУОШГ-ын удирдлагууд оролцов.
Видео хуралд холбогдсон аймгийн Засаг дарга нар орон нутаг дах өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зарим тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцуулсан юм.
Аймгийн Засаг дарга нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн үед эм, эмчилгээний хэрэгсэл, хүн, эмнэлгийн автомашин, өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизм, туулах чадвар сайтай автомашин дутагдалтай байдаг, эрчим хүчний салбарт үүссэн өр, авлага зэрэг нийтлэг асуудлуудыг хөндөн ярьж байлаа.
Хурлын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвс тэжээлийг нөхөн бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын байгууллагаас 5 сараас эхлэн хэрэгжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврыг хэрэгжүүлэхээр ажиллалаа. Өвс тэжээлийн бүрдүүлэлтийг 21 аймгийн улсын нөөцийн 34салбарт байршуулах ажил 95 хувьтай байгаа талаар танилцууллаа.
Мөн тэрээр, аймгийн засаг дарга нарт хандан Гамшгаас хамгаалах тухай хуульд заагдсан үүргийнхээ дагуу гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж материаллаг бааз, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхааран ажиллахыг анхааруулсан юм.
Архангай аймгийн хувьд 11 суманд энэ зун үлийн цагаан огтоно нүүрлэсэн тул хадлан тэжээл тааруу авсанаа дуулгалаа. Завхан аймгийн Засаг даргаас Түдэвтэй суманд улсын нөөцийн салбар байгуулж өгөх, хүн, эмнэлгийн авмомашин техникээр хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан бол Ховд аймгийн хувьд ойрын үед дэд станцын өргөтгөлийг хийх асуудлыг хөндлөө.
Хурлын үеэр ялангуяа баруун аймгуудын хувьд уул, даваа ихтэй тул туулц сайтай автомашин техникийн асуудлыг шийдүүлэх саналууд зонхилж байлаа. Увс аймгийн хувьд ОХУ-аас эрчим хүчээ авдаг бөгөөд 1тэрбум гаруй төгрөгийн өрийн асуудлыг барагдуулахгүй бол ирэх сар гэхэд цахилгаан, эрчим хүчээр тасалдах нөхцөл үүсээд байгааг аймгийн дарга хэлж байв.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр 2013 оны 12дугаар сар, 2014 оны 1дүгээр сард хүйтний эрч нилээд чангарч, олон жилийн дундажтай харьцуулахад 1-2 хэмээр хүйтэн, цас ихтэй байх төлөв гарчээ.
Энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн чанартай авто замыг нээх, онгойлгох зардалд Засгийн газраас 421,6 сая төгрөгийг төгрөгийг гаргаж, аймгуудад хуваарилаад байгаа юм байна.
Энэ жил улсын болон орон нутгийн чанартай авто замыг нээх, онгойлгоход 44 шуурхай ажлын хэсэг ажиллах юм байна.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва аймгийн удирдлагуудад хандан, малаа ярихаас илүү хүний асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллахыг үүрэг болгоод,Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймгуудын зарим сумдын хүн эмнэлэгт түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх автомашины байхгүй талаар аймгийн удирдлагууд санал тавьсантай холбогдуулан яамны хэмжээнд аймаг тус бүрээр нь хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай автомашины судалгааг бодитой, ул суурьтай гаргаж Улсын онцгой комисст танилцуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгалаа.
Аймаг, орон нутагт эм, эмчилгээний хэрэгсэл болон хүн эмнэлгийн автомашин дутагдалтай байгаа судалгааг яаралтай гарган танилцуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгалаа. Мөн улсын болон орон нутгийн чанартай авто замыг нээх, онгойлгоход орон нутгийн цэргийн анги, нэгтгэлүүдийг дайчлан, бэлэн байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож авто зам, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй зориулалтын техникийг түрээслэх гэрээ байгуулан зам, даваа хаагдаж боогдсон тухай бүрт нь онгойлгож ажиллахыг үүрэг болголоо.
Аймаг, нийслэл, сум дүүргийн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө өвс, тэжээлийг шаардлагатай байршил, цэгүүдэдтатан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж дуусгах, 2014 оны орон нутгийн төсөвтөө гамшгаас хамгаалах нөөц хөрөнгийг тусган эхний шатанд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах үүргийг өглөө.
Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутагт байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангуулан дэмжлэг үзүүлж ажиллах, орон нутагтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.