Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн урд талд байрлах “Баянгол Агропарк” ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг эхлүүллээ.
Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм.
“50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Тэрбум мод” тарих хөдөлгөөнтэй холбогдуулан долоо хоногийн хугацаанд 2500 мод тарихаар бэлтгэлээ тус паркийн хамт олон хангаад байна. Цаашид энд тарьсан моддын арчилгааг “Баянгол Агропарк” ОНӨТҮГ-ын 20 гаруй ажилчид хариуцах юм.
“Баянгол-Агропарк” нь иргэд амралт, чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлэх, оюутан, сурагч, иргэдэд экологийн боловсрол олгох, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод сөөг, цэцэг, нарийн ногоо үржүүлэх зорилготой орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр боловсруулахыг чиглэл болгосон. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэх үүднээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уг хөтөлбөрийг боловсруулахыг чиглэл болгосон байна.
Жил бүр Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулах, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгальд ээлтэй, ногоон байгууламж нэмэхэд зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг чиглэл болгожээ. Түүнчлэн Ойн агентлагийг сэргээн байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Ойн аж ахуйн нэгж байгуулахыг зарлигт тусгаад байгаа юм.
Нэг тэрбум мод тарих ажлыг 3 үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр шат буюу бэлтгэл үеийг 2021-2024 онд, эрчимжүүлэх буюу хоёрдугаар шатыг 2024-2026 онд хэрэгжүүлэх юм. Харин 2027-2030 онд тогтвортой үргэлжлүүлэх үе буюу гуравдугаар шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний модыг 2030 он гэхэд тарихаар төлөвлөж буйг мэдэгдсэн билээ.