Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз.
2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө зохиосон дуунуудаас бүрдсэн “Сэтгэлээс эгшиглэсэн миний дуунууд”, 2013 онд 20 гаруй дуугаа клипжүүлэн “Уртын дуундаа би хайртай” цомгоо гаргасан, урын сандаа 100 гаруй дуутай ийм л авьяаслаг охин эдүгээ бидний дунд чимээгүйхэн амьдарч байна. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг “Найзаа намайг хараарай” дуу бол цэцэрлэгийн хүүхдүүдийн сүлд дуу гэж хэлж болохоор. Балчир үрсээ өглөө цэцэрлэгт нь өгөхөд, орой тарахад нь авахад ч энэ дуу эгшиглэж, сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн “Энэ дууг дуулсан бяцхан Өнөрөө одоо их том болсон байх даа, Монголд байдаг юм болов уу, авьяастай охин гадагшаа уран бүтээл хийх гээд явчих вуу, нэг уулзахсан” гэж бодож явсаар саяхны нэг өдөр утасны дугаарыг нь олж, ярилцах завшаан олдсоноо уншигчидтайгаа хуваалцъя.
Хоёр жил дамнасан цар тахал, хөл хорио, өвчин эмгэг, улс төр, сонгуулийн солиорлын хажууд нэгэн үе олны хайрыг татаж, өхөөрдөл бахдалыг төрүүлж явсан Б.Өнөржаргалтай ярилцсан богинохон ярилцлага сонирхол татах нь дамжиггүй.
-Сайн байна уу, миний дүү. Долоохон настайгаасаа ая зохиож уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан Б.Өнөржаргал охин их том болжээ. Их сургуулиа төгссөн гэж сонслоо?
-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ сая энэ хавар СУИС-ийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр амжилттай суралцаж төгслөө. Одоо үргэлжлүүлээд магистраар сурч байгаа.
–Хөгжмийн зохиолчид өөрийг тань их өндрөөр үнэлдэг байсан. Дуулахаасаа илүү хөгжим зохиох гоц авьяастай гэж. Сүүлийн жилүүдэд их нам гүм байлаа. Хөгжим бүжгийн коллежид морин хуурын ангид сурч байсныг чинь л мэдэх юм байна?
-Хамгийн сүүлд 2013 онд “Уртын дуундаа бид хайртай” дуугаа хийснээс хойш дууны уран бүтээл хийгээгүй их удсан шүү. “Уртын дуундаа бид хайртай” дуугаараа “Морин хуур” Их наадамд шилдэг 25-т шалгарч мэргэжлийн хүмүүсээс их өндөр үнэлгээ авч байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн тэмцээн уралдаанд ахлах сургуулиа төгстөл нээх оролцоогүй ээ. Зөвхөн хичээлдээ анхаарч сургуулиа амжилттай төгсөх л зорилготой байсан. СУИС-д Хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байхдаа Хөгжмийн онолын тэнхим болон Орчин Үеийн Хөгжмийн Онолын Тэнхимээс хамтран зохион байгуулсан “Бид бүтээнэ” анхдугаар уралдаанд “Хайраа асууя” дуугаараа “Шилдэг ая зохиогч”-оор тэргүүн байр, “Шилдэг дуучин”-аар дэд байр, “Шилдэг найруулагч”-аар дэд байранд орсон. Дууны уран бүтээл гаргаагүй их удсан байсныг ч хэлэх үү энэ уралдаанд ялахдаа үнэхээр их баярлаж байсан шүү. Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон. Морин хуурч мэргэжлээр суралцаж төгссөн болохоор ч тэрүү морин хуур хөгжмөөр бүтээл хийхэд арай ойр юм шиг санагддаг.
2020 оны “Алтан намар” хөгжмийн их наадмын “Цөөхүүл бүтээлийн төрөлд” Морин хуурын дөрвөлийн зохиолоороо тэргүүн байранд орсон.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу