Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын санаачлагаар “Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот” гурван сарын аян өрнүүлэх ажлын хүрээнд салбар хоорондын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Захирагчийн Алба, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, тохижилт үйлчилгээний компанийн төлөөлөл зэрэг нийт 35 хүн оролцов.
Энэхүү уулзалтаар “Эрүүл аюулгүй хот-хальтиргаагүй Улаанбаатар хот” цогц үйл ажиллагааг зохион байгуулахад салбар хоорондын хамтын оролцоог хангаж, Улаанбаатар хотын хүн амын дундах осол гэмтлийн тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн үе шаттайгаар хийх асуудлыг хөндсөн юм.
Ингээд тус уулзалтаар хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх
2. Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хотын орчныг бүрдүүлэхэд холбогдох бодлого шийдвэр гаргагч нарт чиглэсэн ухуулга нөлөөлөл хийх
3. Улаанбаатар хотын хүн амын дунд хальтиргаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах
4. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хальтирч унасан тохиолдлыг бүртгэх Тандалтын тогтолцоог бий болгох
5. Хальтиргаа гулгаа бүхий –Хар цэгүүдийг Ерөнхий боловсролын сургууль, оюутны холбоо, иргэдийн оролцоотойгоор бүртгэх, бууруулах арга хэмжээг хот тохижилтын үйлчилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
6. Гэр хорооллын шингэн хог хаягдлыг зайлуулах туршилт хийж, сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
7. Дүүргүүдийн дунд Хальтиргаагүй дүүргийн аян зарлах
зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл