Б.Тулга: Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орнуудад илүү анхаарал хандуулъя

ded-300x199Дэлхийн 190 орны арван мянга гаруй төлөөлөгчид оролцож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурал Польш улсын нийслэл Варшав хотноо үргэлжилж байна. Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнуудад учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, олон улсын хэмжээнд дагаж мөрдөх шинэ баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох тухай ярилцав. Хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч байгаа саад бэрхшээлүүдийг даван туулах  чадавхийг бий болгох, дасан зохицох, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, санхүүжилт зэрэг олон чухал асуудлыг энэхүү баримт бичигт хэрхэн тусгах асуудлаар  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралдаанд оролцогчдын дунд өндөр хөгжилтэй болон эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, хүлэмжийн хий ихээр  ялгаруулж байгаа орнуудын  хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох, санхүүгийн механизмыг бүрдүүлэх зэрэг олон асуудлаар улс орнууд ихээхэн зөрүүтэй байр суурь баримталж байна. Тухайлбал:  Австрали, Япон зэрэг орнууд хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах зорилтоосоо зарим талаар ухарсан мэдэгдэл хийсэн нь улс орнуудын шүүмжлэлд өртлөө.

 Бага хурлын дээд хэмжээний хуралдаан энэ сарын 19-ний өдөр эхэлж олон орны төр, засгийн тэргүүн, сайд нар оролцож байна. Дээд хэмжээний хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэмжээнд явагдаж байгаа яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг уриалж, уг яриа хэлэлцээний хүрээнд  улс орнуудын хооронд нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Уур амьсгалын асуудлаар Дээд хэмжээний тусгай хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дээд хэмжээний хуралдаан дээр Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга үг хэллээ. Тэрээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байгааг тэмдэглэж, 2015 оноос батлан мөрдөж эхлэхээр төлөвлөж байгаа шинэ баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа, хөгжиж байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дасан зохицох, технологи дамжуулах, санхүүгийн механизм бүрдүүлэх талаар тодорхой заалтууд оруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн тэрээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад  өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд хамтран ажиллах нэг чухал арга зам нь хамтарсан кредит олгох механизм байж болохыг Япон-Монгол Улсын хооронд энэ оны эхээр байгуулсан түншлэл харуулж байгааг тэмдэглэв. Уг дээд хэмжээний хуралдаан дээр Япон Улсын Байгаль орчны Сайд Новутеру Ичихара үг хэлж тус улс атомын эрчим хүчнээс татгалзах болсонтой уялдан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар өмнө нь зарлаж байсан үүргээ эргэн харах шаардлагатай болсноо мэдэгдлээ. Япон Улс хөгжиж байгаа орнуудад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах болон дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нь зориулж 2013-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 16 тэрбум орчим  доллар гаргахаар шийдвэрлэснээ зарлав. Энэ нь манай орны хувьд хоёр орны хооронд байгуулсан нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд дэвшилтэт технологи  нэвтрүүлэхэд зориулан үзүүлэх тусламж дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломжийг бий болгосон юм.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи  бага хурлын хүрээнд Дэлхийн нүүрсний ассоциаци болон Польш Улсын Засгийн газар хамтран нүүрсний олборлолт, ашиглалт, тээвэрлэлтэд хэрэглэх дэвшилтэт технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Тогтвортой шинэчлэлийн чуулганыг зохион байгуулж, эрчим хүчний салбарын болон технологийн шинэчлэл хийх, хөгжлийн зорилтыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай уялдуулан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар Засгийн газрын болон иргэний байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын өргөн төлөөллийг оролцуулан хийсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын Бага хурал үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …