“Дусал тус” сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, “Revolution” продакшны бүтээл “ХҮСЛЭН” уран сайхны кино маргааш буюу аравдугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийх гэж байна.
“ХҮСЛЭН” киноны зохиолыг жүжигчин, найруулагч А.Миеэгомбо бичсэн бол найруулагчаар А.Даваажаргал, СТА Б.Батсүх нар ажиллажээ.
Киноны гол дүрд Кино урлагийн дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Г.Хүслэн, МУГЖ У.Батбаатар, СТА С.Сарангэрэл, Г.Ганбат, Д.Номиндарь нар тогложээ.
“ХҮСЛЭН” киноны онцлог нь өнөөгийн хүмүүсийн үнэн байдлыг харуулсан, хорт хавдраар өвчилсөн хүний амьдрал, сэтгэл зүйн асуудал, хүн хүнээ гэх сэтгэлийн талаар өгүүлжээ.
Өнөөдөр Эх нялхаст 80 гаруй хүүхэд элэгний асуудалтай, жилд 4500 гаруй хавдрын улмаас нас барж байгаа судалгаа байна. Энэ нь жилд 4500 айл өрх хагацал үздэг гэсэн үг бөгөөд үүний цаана хичнээн хүүхэд өнчирч үлдэж байгааг таашгүй юм.
Тэгвэл киноноос орж ирсэн орлогыг 100 хувь сайн үйлсэд зарцуулах юм байна. Тодруулбал, Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн эмч ажилчдыг Солонгосын “Ёнсэйн” их сургуульд мэргэжил дээшлүүлэх шаардлагатай сургалтад хамруулах ажлыг санхүүжүүлэхээр болжээ.
Киноноос олсон орлогыг сайн үйлсэд зарцуулж байгаа кино багийн хамт олноор бахархахгүй байхын аргагүй. 2021 оны шинэ уран бүтээл “ХҮСЛЭН” Монголын уран сайхны киног үзсэнээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай мянга мянган Монголчуудад амьдрал бэлэглэхэд их хувь нэмэр оруулах юм гэж кино багийнхан хэлж байлаа.