Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхнээс асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Хилийн боомтыг Шадар сайдад харъяалуулах саналыг манай бүлэг гаргасан. Учир нь Шадар сайд Орос, Хятадын Засгийн газрын комиссын тэргүүнээр ажилладаг. Бид энэ хоёр улстай хиллэдэг. Манай хоёр хөршийн хилийн боомт нь хаана харъяалагддаг болохыг судалсан уу” гэж тодруулсан. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хариулснаар ОХУ-ын боомт нь шууд Засгийн газартаа, Эрээнийх хотын захиргаанд харъяалагддаг. Харин байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь хилийн боомтыг ЗГХЭГ-ын харъяанд байлгахыг дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийн тодорхой чиг үүргийг өөр алба руу шилжүүлэхдээ хангамжийг нь давхар эдлүүлэх үү. Ингэж хилчдийг шилжүүлснээр байшин савнаас эхлээд өртөг их гарах уу гэх асуулт тавьж байлаа. Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх албыг Гадаадын иргэн харьяат руу шилжүүлэхэд хангамжийг нь хасахгүй. Мөн өөр байгууллагын харъяанд шилжүүлснээр байшин, барилга хийгээд өртөг гаргахгүй. Харин ч хэмнэнэ” гэсэн юм.
Хилийн боомтын газрыг байгуулахдаа төсвийг хэмнэх үүднээс орон тоог нэмэхгүй юм байна. Боомтуудыг түр болон байнга ажиллагаатай, олон улсын төвшинд гэж ангилж байгаа бөгөөд эхний ээлжинд Замын-Үүд, Бичигт, Шивээ хүрэн, Гашуунсухайт зэрэг зургаан боомтын асуудал яригдаж байна.
Одоо Ажлын хэсэг, Байнгын хорооноос гарсан 44 саналыг хэлэлцэж, санал хураалт явуулж байна.