У.Хүрэлсүх:Олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ.

Аугаа хүчирхэг өвөг дээдсийнхээ  сүр хүчинд бид туурга тусгаар Монгол Улсаа мандуулж, бахдам түүх, байгуулсан гавьяагаар нь овоглон дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн оршиж байна.

Өнөөгийн Монгол Улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг соёл иргэншил болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий ертөнцөд Нүүдлийн соёл иргэншил хэмээн нэрлэдэг.

Дэлхийн түүхэнд олон соёл байдаг боловч соёл иргэншил цөөхөн. Учир нь дэлхийн бүх үндэстэн, угсаатан тэр бүр соёл иргэншил бүтээж чадаагүй юм. Соёл иргэншил гэдэг бол олон угсаатан, овог аймгийг нэгтгэсэн өргөн уудам нутагтай, бичиг соёлтой, хууль ёс, төр засагтай, үзэл санаа, үнэт зүйлтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан өвөрмөц онцлогтой цогц ойлголт юм.

Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай.

Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэн үлдсэн түүхтэй.

“Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход хагас зуун жил үргэлжилсэн байдаг.

Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна.

Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай.

Бид өнгөрсөн түүхийг дахин бүтээхгүй ч түүнээс илүү аугаа түүхийг бүтээх өөдрөг ирээдүйг бэлгэдэн ерөөдөг уламжлалтай ард түмэн. Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт Монгол ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Ард түмнээрээ тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр” бол монгол түмэн эзэн Чингис хаан, аугаа их өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үүх түүхээр омогшин бахархаж, билиг сургаалыг нь санан дээдэлж, ой санамжаа сэргээдэг өдөр юм.

Их эзэн Чингис хааны тунхаглан тогтоосон амар амгалан Монгол соёл иргэншил үеийн үед дэлгэрэн хөгжиж, Монгол Улс мандан бадрах болтугай! Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …