Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
1985 онд Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргасан юм.
Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх даалгаврыг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.
16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд түүхэнд үлдэнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, баяр хүргэлээ.
Мөн 2024 онд багтаан далайд ёроолд байгаа 60 гаруй машин, техникийг осол, эрсдэлгүй татан гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм.