Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр түгээгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас тодрууллаа.
– Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдоход хуулиар Төв банк зөвшөөрөл олгодог. ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдсон уу, Монголбанк зөвшөөрөл олгосон уу?
– ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй. ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа.
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд дэлхийн хэд хэдэн улсад банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг конгломерат компани юм.
Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авахад худалдан авч буй тал нь “Тендер санал” гаргаж, хувьцаа худалдан авах саналаа нийтэд зарладаг. Энэ жишгээр “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани “Савада холдингс” компанийн нийт хувьцааны 50.1 хувийг худалдан авах тухай тендер саналыг Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид 2020 оны 02 дугаар сард анх гаргасан байдаг.
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. Хуулийн дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, ХААН банкаар дамжуулан Монголбанкнаас тухайн үед зөвшөөрөл хүссэн.
Монголбанк энэ асуудалд маш нухацтай хандаж ирсэн. Худалдан авагч талын эцсийн өмчлөгч, мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тогтоох зорилгоор “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичгийг хууль, журамд заасны дагуу тогтмол хянаж ирсэн, цаг хугацаа ч их зарцуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авагч талтай холбоотой нэмж тодруулах шаардлага дахин дахин гарч байсан тул “Упсилон” ХХН-тай холбоотой 10 гаруй албан бичиг хүргүүлж, нэмэлт баримт материал гаргуулан авсан байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа Монголбанкны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичиг нь дээрх албан бичгүүдийн л нэг. Уг албан бичгээр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахыг зөвшөөрсөн эцсийн шийдвэр биш зөвхөн тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн худалдан авагч талын бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангаж байна, хүлээж авахад татгалзах зүйлгүй, мөн үргэлжлүүлэн хяналт тавинаа л гэсэн агуулгатай.
– Монголбанкнаас ХААН банканд илгээсэн 2 албан бичиг олон нийтэд ил болсон. Эдгээр нь ямар учиртай бичиг байв, Төв банк шийдвэрээсээ эргэж буцаж, ямар нэгэн хууль зөрчсөн үү?
– Монголбанкнаас ХААН банканд хүргүүлсэн нууцын зэрэглэлтэй албан бичгүүд сошиалаар олон нийтэд хүрснийг харсан. “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компанийн баримт бичгийг шалгаж дууссаны дараа дахин шалгах шаардлагатай шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ тухай худалдан авагч талд ХААН банкаар дамжуулан мэдэгдсэн албан бичиг юм. Монголбанканд гадаад, дотоодын эх үүсвэрээс “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн тал ХХБ-ны эцсийн өмчлөгчтэй холбоотой гэх мэт мэдээлэл ирсэн юм. Монголбанк шинээр үүссэн нөхцөл байдлыг шалгаж, эцэслэх ёстой. Шинээр үүссэн нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудаас тодруулж шалгахад Монголбанканд ирүүлсэн мэдээлэл баримтаар нотлогдоогүй.
Хэрэв энэ мэдээлэл батлагдаж Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан заалт зөрчигдсөн байсан бол хууль, тогтоомжийн дагуу “Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх Монголбанканд хуулиар олгогдсон байдаг.
– Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах гэж байна гэдэг хардлага олон нийтийн цахим сүлжээнд байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах боломжгүй. Аливаа мөнгөн хөрөнгийн шилжүүлэг заавал ямар нэгэн эх үүсвэртэй байдаг. Мөнгөн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны орлого гэдгийг нотолж чадаагүй нөхцөлд банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах боломжгүй. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой гээд тодорхой заачихсан байдаг. Монголбанк хуульд заасны дагуу тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн хууль ёсны орлого мөн эсэхийг шалгаж, мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг тогтоодог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу