“Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн форумаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцах юм.
Гурван үндсэн сэдвээр илтгэл тавигдана. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж” “Ковид ба Жижиг дунд үйлдвэрлэл”, “Зээлийн батлан даалтын өнөөгийн байдал” гэсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.
Монгол Улсад 1999-2003 оны хооронд анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжсэн байдаг. Бизнес эрхлэгчдийн зүгээс санхүү, хүний нөөц, татвар, банкны хүү, хөл хорио, борлуулалтын асуудал хүнд байгааг ярилаа. Үүнд дээр тодорхой цогц арга хэмжээнүүдийг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ч дурдлаа.
Цар тахал гарснаас хойш бизнес эрхлэгчдийн 73 хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байна. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-г батлан иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн чухал бодлогыг хэрэгжүүлсэн нь тодорхой дэмжлэг болсон байна.
Нэгдсэн форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, баялаг бүтээгчдэд хандан үг хэллээ.
Тэрээр “Цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар, Аж ахуй нэгж байгууллагууд, иргэд хичээн зүтгэж ирсэн. Олон мянган иргэний ажлын байрыг үгүй хийж, эдийн засгийг агшааж, ажил, амьдралын ердийн харилцаа алдагдсан. Энэ хүнд цаг нөхцөлд Засгийн газар 10 их наяд төгрөгийн бодлого гаргаж, ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих, импортыг орлох хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээр санхүүгийн эх үүсвэрийг гарган ажилласан. Үүний үр дүнд 260 мянган ажлын байр алдагдах эрсдэлийг багасгасан. Хэдийгээр айл гэрийн амьдралд үр өгөөж нь шууд тусахгүй байгаа ч улсын эдийн засаг 5 орчим хувиар өссөн” гэлээ.
Судалгаагаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, төрийн нэгдсэн зохицуулалт хийж, төрийн албаны хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Цаашид цар тахал нэгэнт ойрын хэдэн жил арилахгүй нь тодорхой, хөл хорио тогтоох боломжгүй байгаа тул түүнтэй дасан зохицож, хэвийн амьдралдаа эргэж орохын тулд вакцины гуравдугаар тунд нийтээрээ хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйлдвэрлэл үйлчилгээгээ тасралтгүй явуулах нь чухал байгаа гэлээ.
Цар тахлын дараах эдийн засгийг сэргээж, хэвийн гольдролд оруулах үйл ажиллагаа нь зөвхөн төр засгийн байгууллагуудын хүчин чармайлтаар үр дүнд хүрэхгүй бөгөөд төр, хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын үйл ажиллагаанаас үр дүн гарах учир та бүхний идэвхтэй санал санаачлаг чухал юм.Ажлын байр бий болгож, улсдаа татвар төлж, улс орны эдийн засгийн ачааллаас нуруундаа үүрэлцэж яваа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд та бүхэн тулгарч байгаа асуудлуудыг өнөөдрийн энэхүү форум дээр ярилцаж, гарах гарц, хүрэх шийдэл, цаашид авч хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцлов.