Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав.
Тус үзэсгэлэн худалдаанд 140 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулав.
Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцлоо. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд гурван өдрийн хугацаанд нийт 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй нөхцөл байдалд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж, дөрвөн өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон бол нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ сонгож, эх оронч худалдан авалт хийх иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Мөн 30 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаанд оролцох эрхтэй болж, гурван худалдан авагчийг азтанаар шалгаруулсан юм.