2021 оны 10-р сард сурагч хүү галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад хүнлэг энэрэнгүй байж, эр зориг гаргасан хүү 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм болохыг мэдсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед хүүг нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьж байлаа. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурдсан.
Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье.